С.Баяр:Бидний үед англи хэл бүү хэл, англи-канад-австралийн том хөрөнгө оруулалтыг хуульчлан хэрэгжүүлж чадаж байв

МАН-ын бүлэг Англи хэлийг хуульчлах шаардлагагүй хэмээн байр сууриа нэгтгэсэн. Тодруулбал, Боловсролын ерөнхий хуулийн төслийн 6.1 дэхь заалтыг хэлэлцэж, англи хэл буюу гадаад хэлийг сургалтын хөтөлбөрөөр заахаар саналаа нэгтгэсэн юм. Боловсролын тухай хуулийг дагалдуулан хууль хэрэгжүүлэх тогтоолын төсөл боловсруулж, англи хэлний сургалтыг эрчимжүүлж, сайжруулахаар тогтоолд тусгахаар болов.

Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баяр твиттер сүлжээндээ “Англи хэлийг гадаад үндсэн хэл гэж хуульчилж манай намын бүлэг чадсангүй. Эсвэл зүрхэлсэнгүй. “За яах вэ. Тэглээ гээд бидний амьдрал өөрчлөгдөх нь юу л бол’ гэж бодож болно. Алс хэтдээ л үр дүнгээ өгдөг шийдийн нэг нь мөн. Гэвч нэг юм сануулъя. Бидний үед англи хэл бүү хэл, англи-канад-австралийн том хөрөнгө оруулалтыг хуульчлан хэрэгжүүлж чадаж байв. Хэцүү байсан, одоо ч хэвээр. Та нар мэднэ. Гэхдээ л өнөөгийн үүрэх ачаа арай л хөнгөрч, гийх ирээдүй арай л гэгээрсэн. Өнөөг биш маргаашаа бодохсон, тулга тусгаар улсын Монгол улсын эрх баригчид аа!’ хэмээжээ.