“Монос” үйлдвэр 100 төрлийн эм үйлдвэрлэж, зарим нэр төрлийн эмийг ОХУ руу экспортолж эхэлсэн

“Монгол оюун сэтгэлгээг дэлхийд таниулна” уриатай  “Монос” эмийн үйлдвэртэй танилцлаа. Олон улсын “GMP” стандартыг хангасан цөөхөн үйлдвэрийн нэг “Монос” эмийн үйлдвэр нь 1990 онд байгуулагдсан бөгөөд 29 жилийн дараа буюу 2016 онд  Дэлхийн стандартыг хангасан үйлдвэр, 2019 онд олон улсын GMP шаардлага хангасан ТОП үйлдвэрлэгч болтлоо хөгжин дэвжсэн байна.

Одоогоор тус үйлдвэр 100 гаруй нэр төрлийн эм үйлдвэрлэн дотоодынхоо хэрэгцээг хангахаас гадна ОХУ руу экспортолж эхэлжээ. Энэ нь тус үйлдвэрийг дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд хүрснийг илтгэж байна.

Бид ариун хувцас хэрэглэл өмсөн, гараа угааж, ариутгалын бодисоор ариутгасныхаа дараа эм үйлдвэрлэлийн үйл явцтай танилцахаар “Монос” эмийн үйлдвэрт нэвтэрлээ.

Тус эмийн үйлдвэр нь 230 гаруй ажилтантай бөгөөд ажилтан бүр өглөө ажилдаа ирмэгцээ усанд орж, хувцсаа солиод үйлдвэрт нэвтэрдэг байна. Эм бол онцгой бүтээгдэхүүн учраас эмийг маш ариун орчинд үйлдвэрлэх ёстой. Тиймээс манай үйлдвэрт эмийн бүтээгдэхүүн, хүний урсгал нь өөр өөр чиглэлээр нэвтэрдэг хэмээн “Монос” үйлдвэрийн дарга  М.Одгэрэл үйлдвэрээ танилцуулах үеэрээ онцлов. Нэг эм үйлдвэрлэхийн тулд 5.5-15 жил зарцуулдаг байна.

Эм үйлдвэрлэх үйл явц битүү вакум орчинд явагдаж байсан тул шилэн цонхны цаанаас л зураг авах боломж олдсон юм. Мөн агааржуулалтын систем өөр байхаас гадна үйлдвэрийн дотор хана, ирмэг зэрэг нь угааж цэвэрлэхэд амар, тоос шороо бага тогтдог материалаар хийгддэг байна.

Одоо тус үйлдвэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартаас давсан Европ стандартыг хангаж ажиллахаар зорилт тавин ажиллаж буй юм байна.  “Монос” эмийн үйлдвэр жилдээ хэчнээн хэмжээний эм үйлдвэрлэх хүчин чадалтайг сонирхлоо.

Эм үйлдвэрлэлээс гарч, маш олон шат дамжлага дамжиж байж хэрэглэгчдийн гарт хүргэдэг байна. Тухайлбал, өндөр идэвхт шингэний хроматограф багаж нь эмийн найрлага, жин хэвийн хэмжээндээ байгаа эсэхийг шалгадаг бол уусалт тодорхойлох багаж нь тухайн эм хүний биед ороод уусах хугацаандаа уусаж байна уу гэдгийг шалгадаг ажээ.

Өндөр идэвхит шингэний хроматографи багаж

Уусалт тодорхойлох багаж

Мөн 33 өрөө бүхий микробиологийн лабораторитой. Өрөө тус бүр дээж авах, шинжилгээ хийх гээд өөр өөр чиглэлээр ашиглагддаг байна.

Дэлхийн стандартад нийцсэн “Монос” эмийн үйлдвэртэй танилцаж, эмийг хэрхэн үйлдвэрлэдэг, эрүүл ахуйг хэрхэн сахиж хэрэглэгчидэд нийлүүлдэгтэй танилцсаны дараа “Монос-25” эмийн сангаар орлоо.

С.Буянт: “Монос” эмийн сан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс тогтоодог эмийн дээд хязгаарыг барьдаг

Тус эмийн сан хөнгөлөлттэй эм олгон ачаалал ихтэй байсан юм. Энэ үеэр “Монос” эмийн сангийн Эмийн бодлого хариуцсан захирал С.Буянтаас дараах тодруулгыг авлаа.

-Монос эмийн сангаар зарагдаж буй эм үнэтэй зарагдаж байна гэх мэдээлэл цацагдах боллоо?

-Монос эмийн сангуудаар зарагдаж буй эм аль улсаас орж ирсэн. Импортлогч байгууллагын нийлүүлсэн эмийн үнээс шалтгаалж үнэ харилцан өөр өөр байдаг.

Тэгэхдээ Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс эмийн дээд хязгаарыг тогтоодог. Манайх  дээрх зөвлөлөөс гаргасан эмийн дээд хязгаарыг барьж ажилладаг.

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр олгогддог 800 гаруй эмийг ч ЭМДҮЗ баталж, үнийн дээд хязгаарыг тогтоодог.