Хөгжимчин Б.Чинбат, дуучин Ц.Сарнайд Өвөр монголын уран бүтээлчид 45 сая төгрөг хандивлалаа

Өвөрмонголын уран бүтээлчид “Никитон’ хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат, “Sweetymotion’ хамтлагийн дуучин Ц.Сарнай нарын эмчилгээнд зориулж  45 сая төгрөгийн хандив цуглуулан өнөөдөр шилжүүлжээ. “Хос зүрхээ хамгаалъя’ хандивийн аяныг Өвөрмонголын Жалам хар хамтлаг, Хөх хээр хамтлагийн дуучин Үндэс, энтертайнмэнт менежер Дайчин, хөгжмийн продюссер Булагаа, найруулагч, кино продюссер Түвшинтал нар тав хоног зохион байгуулжээ.

Тэд цахим хуудастаа “Монголын нэгэн сод уран бүтээлч, хөгжмийн зохиолч Чинбат болон түүний хайрт гэргий, гайхамшигт дуучин, үзэсгэлэнт Сарнай нарын эмчилгээнд зориулсан Өвөр монгол, Дээд Монгол, Шинжааны Монголчууд, АНУ, Япон болоод БНХАУ-ын уран бүтээлч найзуудаас эхлээд, энгийн иргэд, хөдөөний малчин тариачид хүртэл хамрагдсан хандивын аян маань өндөрлөж байна. Жалам хар хамтлаг, Хөх хээр хамтлагийн дуучин Үндэс, энтертайнмэнт менежер Дайчин, хөгжмийн продюссер Булагаа, найруулагч, кино продюссер Түвшинтал нарынхаа хамт эхлүүлсэн энэхүү аян маань маш олон хүний сэтгэлд хүрч өнгөрсөн 5 хоногийн хугацаанд нийт 45,061,100 төгрөг цугларсныг Сарнайгийнхаа дансруу дөнгөж сая шилжүүллээ. Бид өөр өөр зүс царай, өөр өөр улс, өөр өөр газар нутагт амьдарч байвч ХҮН гэдэг ганцхан төрөлхтөн шүү дээ. Бусдын сайн сайхны төлөө, бусдын аз жаргалын төлөө сэтгэл зүрхээ дэлгэж амьдарцгаая. Та бүхэндээ баярлалаа’ гэжээ. 

Тэдний хагалгааны дараах эмчилгээнд 140 орчим сая төгрөг шаардлагатай байгаа юм.