Тагнуулын байгууллагаас нийгмийн даатгалын цахим санд хуурамч мэдээлэл оруулах замаар 32.2 тэрбум төгрөгийн зээл гаргуулан авч, завшсан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.
ТЕГ-аас нийгмийн даатгалын цахим санд хуурамч мэдээлэл оруулж, улмаар банк, санхүүгийн байгууллагуудаас их хэмжээний зээл гаргуулан авч, хохирол учруулсан үйлдлийг илрүүлэх мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн дагуу (Мөнгө угаах гэмт хэрэгт) Монгол Улсын иргэн “Э”, “М”, “А”, “У”, “Б”, “С” тэргүүтэй 3 бүлэг этгээдүүдийг холбогдуулан шалгаж байна.
Дээрх бүлэг этгээдүүд эрхлэсэн тодорхой ажилгүй, хөдөлмөрийн чадвараа алдсан 290 иргэний мэдээллээр 17 аж ахуйн нэгжид өндөр цалинтай ажилласан мэтээр НДШ төлөлтийн хуурамч баримт үйлдэн, нийгмийн даатгалын байгууллагын архив бүхий албан тушаалтнуудтай хуйвалдан уг хуурамч мэдээллийг цахим санд оруулан, арилжааны 9 банк, банк бус санхүүгийн 88 байгууллагаас нийт 32.2 тэрбум төгрөгийн зээл авсан байна.
