МОНГОЛ УЛС “COTTM-2025” ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан гадаадын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлж, Монгол Улсыг гадаадад сурталчлах, аялал жуулчлалыг идэвхжүүлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Уг арга хэмжээний нэг болох Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотноо зохион байгуулагдаж буй “COTTM-2025” /China Outbound Travel & Tourism Market/ олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас дэмжлэг үзүүлэн, зохион байгуулалтыг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо ханган ажиллаж байна.


Тус үзэсгэлэн нь аялал жуулчлалын салбарыг зорилтот зах зээлийн орон болох Хятад улсад сурталчлах, хөрөнгө оруулалт татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг сайжруулах, аялал жуулчлалын идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор оролцож, тусгай хэсгийг “Go Mongolia” брэндинг дор нэгдсэн өнгө төрхөөр тохижууллаа.


Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Н.Энхболд үзэсгэлэнгийн тусгай хэсгээр зочилж, голлох томоохон зах зээлийн үзэсгэлэн, арга хэмжээний ач холбогдол болон аялал жуулчлалын салбарын төр-хувийн хэвшлийн харилцаа, хамтын ажиллагаа чухал болохыг онцоллоо. Энэ жилийн үзэсгэлэнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон аялал жуулчлалын 11 тур оператор компани оролцож байна. Үзэсгэлэнгийн хүрээнд салбарын түншүүдтэй бизнесийн уулзалт хийж, “COTTM conference 2025” арга хэмжээний үеэр аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийг оролцогч улс орнуудаас танилцуулж, хэлэлцүүлнэ. Үзэсгэлэн 2025 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдана.