С.Баярцогтыг Ерөнхий нарийн бичгийн даргаар батламжиллаа

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит хуралдаанаар намын удирдлагын бүтцэд өөрчлөлт оруулж, С.Баярцогтыг Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгон батламжилсан байна. Тэрбээр ийн Ардчилсан намын зохион байгуулалт, бодлого төлөвлөлт, улс төрийн стратегийн төвд ажиллах өндөр хариуцлагатай үүрэг хүлээж эхэлж байна.

Мөн тус хуралдаанаар Ардчилсан намын дэд даргаар Ч.Өнөрбаяр, Н.Ганибал, УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Л.Мөнхбаясгалан, П.Мөнхтулга нарыг тус тус батламжилсан энэ нь намын удирдлагын багийг өргөжүүлж, улс төрийн үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд зохион байгуулах зорилготой шийдвэр байв.

Улсын Их Хуралд 42 суудалтай Ардчилсан намын хувьд 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль болон 2028 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулах стратегийн зорилтын хүрээнд ийнхүү удирдлагын түвшинд шинэчлэл хийж, улс төрийн туршлага, эв нэгдэл, стратегийн хэлцэлд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн С.Баярцогтод намын ерөнхий нарийн бичгийн даргын өндөр хариуцлагатай албыг хүлээлгэн өгсөн нь намын дотоод зохион байгуулалт, бодлогын залгамж чанарыг бэхжүүлэх алхам хэмээн тус намынхан үзэж байна.

Ардчилсан намын удирдлагын шинэ баг ийнхүү бүрэлдэж, ирэх сонгуулиудын өмнө улс төрийн байр сууриа бэхжүүлэх, эв нэгдлийг хангах, бодлогын шинэчлэл хийх зорилтыг илүү тодорхой шатанд гаргалаа.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтын товч намтар

Төгссөн сургууль, мэргэжил

1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль

1989 онд Москва хотын Улсын их сургууль Эдийн засагч, багш мэргэжлээр

1996 онд ХБНГУ-ын Гадаад худалдааны академи Бизнесийн удирдлага мэргэжлээр

2003 онд МУИС-ийг хуульч, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал

1989-1990 онд УНТЭ-ийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга

1990-1991 онд МХЗЭ-ийн Төв хорооны дэд тэргүүлэгч

1990-1992 онд Улсын Бага Хурлын гишүүн, АИХ-ын депутат

1991-1997 онд Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч

1992-1994 онд УТБА-ын багш, эрдэм шинжилгээний ажилтан

1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

1996-1999 онд МСДН-ын дэд дарга

1998 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайд

2000-2004 онд *Товхонхан* ХХК-ийн зөвлөх

2002 онд Олон Улсын валютын санд шинжээч

2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

2008 -2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд

2012-2016 онд Монгол Улсын Их хурлын гишүүн, УИХ-ын дэд дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга.