Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын АШТ-ий нээлтийн ёслол, тоглолтууд боллоо

Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотын “Асса Арена”-д болж байна. Энэ удаагийн тэмцээнд Монгол, БНХАУ, БНСУ, Япон, Хятадын Тайвань, Макао, Хонгконгийн шигшээ багууд өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээний нээлтийн ёслол өнөөдөр албан ёсоор болж өндөрллөө.

Тэмцээн нь Монгол улсад есөн жилийн дараа дахин зохион байгуулагдаж буйгаараа онцлог болж байна. Мөн үндэсний шигшээ багийн чансааг олон улсын түвшинд ахиулах, волейболын спортыг хөгжүүлэх, залуу үеийг энэ спортод татан оролцуулах чухал ач холбогдолтой юм.

Эхний өдрийн тоглолтуудад В хэсэгт Хятадын Тайванийн шигшээ баг Макаогийн багийг 3:0-ээр өндөрлүүлэн тэмцээнийг ялалтаар эхлүүлсэн бол БНСУ-ын шигшээ баг мөн 3:1-ийн харьцаатай хожил байгуулж эхний оноогоо авлаа.

Мөн тэмцээний А хэсгийн эхний тоглолтод Монголын шигшээ баг өрсөлдөгчөө 3:0-ийн харьцаатай буулган авч, тэмцээнийг ялалтаар эхлүүллээ. Энэ нь медалийн төлөөх өрсөлдөөнд Монголын баг хүчтэй өрсөлдөх боломжтойг харуулсан эхлэл болж байна.

Тус тэмцээний талаар УИХ-ын дарга C.Бямбацогт “Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ баг олон удаа оролцож байсан. Харин энэ жилийн тэмцээн есөн жилийн дараа Монгол улсад зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ ач холбогдолтой болж байна. Өмнө жилүүдэд тус тэмцээнд манай баг медаль хүртэж байгаагүй. Монголын баг энэ удаад түүх бүтээж, медаль хүртээсэй гэж хүсэж байна. Сүүлийн жилүүдэд Монголын волейбол эрчимтэй хөгжиж байна.” хэмээн ярив.

Мөн Премиум Нэксус ХК-ийн гүйцэтгэх захирал Г. Чинзориг “Манай компани CU брэндээрээ дамжуулан Монголын волейболын спортыг олон улсын түвшинд гаргах, шигшээ багийн тамирчдаа дэмжих зорилгоор 2025 оноос эхлэн хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Энэхүү тэмцээн бол Монголын волейболын хөгжилд чухал нөлөө үзүүлэх томоохон тэмцээн болж байна.” гэж онцолж байлаа.

Монголын шигшээ багийн хувьд

Монголын эрэгтэй шигшээ багийн хувьд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний өнгөрсөн онуудад медаль хүртэж байгаагүй билээ. Харин энэ удаагийн тэмцээнд өргөн бүрэлдэхүүнтэй, өндөр амжилт үзүүлж буй тамирчдаар багаа бүрдүүлсэн юм.

Монгол Улсын эрэгтэй шигшээ багийн ахлагч М. Цэрэнбаатар ярилцлага өгөхдөө “Энэ жилийн шигшээ баг маань маш өргөн бүрэлдэхүүнтэй бүрдсэн. Гадаадын лигүүдэд тоглож, өндөр амжилт үзүүлж буй шилдэг тамирчид эх орондоо ирж нэгдэн, гурван сарын турш хамтарсан бэлтгэл хийсэн. Бид энэ тэмцээнээс медаль хүртэх зорилготой байгаа.” гэж онцолж байлаа.

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд гадаадын мэргэжлийн лигүүдэд тоглодог гурван тамирчин энэ удаа нэгдэн тоглож байгаа нь онцлог болж байна. Мөн тэмцээний эхний тоглолтыг 3:0-ээр илт давуу хожил авсан ба дараагийн тоглолтууд хуваарийн дагуу үргэлжлэх юм.