Зээлтэй ахмадуудын зээлийн зөрүүг олгож эхэллээ

ҮАБ-ын зөвлөлөөс ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэрийг гаргасан. Тэгвэл өчигдөр /2020.01.31/-өөс тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийн зөрүүг банкууд олгож эхэлсэн байна.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тусгасны дагуу 2016 оноос хойш бүрэн тэтгэврийг 39.4, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 38.9, дундаж тэтгэврийг 31.5 хувиар тус тус нэмээд байгаа билээ.

Тэгвэл  Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор цэргийн болон нийгмийн даатгалын сангаас олгож байгаа 500.0 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан 30 мянгаар, 500 мянга ба түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ нэмэгдлийг ч бас олгож эхэлсэн байна.

Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянган төгрөг, дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг болж 421.7 мянган иргэний тэтгэвэр 25-40 мянган төгрөгөөр буюу дунджаар 8.8 хувиар нэмэгджээ.