Д.Нарангэрэл: Дархан, Сэлэнгэд корона вирусын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас корона вирусын талаар цаг үeийн мэдээлэл хийлээ. Энэ үeэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт судалгааны хэлтсийн дарга Д.Нарангэрэл дараах мэдээллийг өглөө.

-Коронавирусийн халдвар 7-14 хоногийн дотор 400 гаруй мянган хүн оншлогдож байгаа учраас өвчний тархалт ямар хурдацтай байгаа нь харагдаж байна. Мөн сүүлийн үед бага насны хүүхэд нас барсан анхны тохиолдол АНУ-д бүртгэгдлээ. Манай улсад зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан 14 хүн бүртгэгдсэнээс хоёр хүн нь эдгэрч, тусгаарлалтад байна. Мөн өнгөрсөн шөнө буюу 24 цагийн байдлаар Сэлэнгэ, Дархан-Уул аймагт хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, шинжилгээний хариу гараагүй байна. Сэлэнгэ аймгийн иргэний хувьд Энэтхэг, Солонгос Турк улсаар дамжин эх орондоо ирсэн бөгөөд уушгиндаа хатгааны шинж тэмдэгтэй, өөрийгөө 14 хоног тусгаарласан ч хатгааны шинж тэмдэг илэрсэн учраас тусгаарласан. Мөн түүнийн ойрын хавьтлын долоон хүнийг тусгаарлаад байна. Дархан-Уул аймгийн тохиолдол нь ОХУ-д сурч байгаад ирсэн оюутан бөгөөд өөрийгөө 14 хоног тусгаарлаж байсан. Яг өнөөдрийн байдлаар 2171 хүн тусгаарлах байранд байна. Эдгээр иргэдийн бие хэвийн байгаа.