ХӨСҮТ-д төрсөн эх, хүүхдийн биeийн байдал cайн байна

Чартер нислэгээр ирсэн 25 настай эмэгтэй өчигдөр/2020.05.13/ ХӨСҮТ-д амаржиж охинтой болсон. Эх хүүхдийн биеийн байдал сайн байгаа аж.  Тус эмэгтэйд корона вирусийн шинжилгээг хоёр удаа хийсэн бөгөөд хариунууд нь сөрөг гарчээ.

Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр 278 иргэн ирсэн онгоцоор дээрх эмэгтэй иржээ.

Нийт 278 иргэнээс өндөр настан 29, эрүүл мэндийн шалтгаантай  43, жирэмсэн болон асран хамгаалагчтай 13, оюутан 41, хөгжлийн бэрхшээлтэй болон асран хамгаалагчтай тав, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 95, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 52 хүн байсан аж.