Бэлчээр нутаг дуусахын цагт их нүүдэл хаашаа чиглэх вэ …

Монголчууд бидний дэлхийн улс орнуудаас ялгарах нэг зүйл нь нүүдлийн мал аж ахуй билээ. Хэдэн зуун жилээр амьдрал ахуйдаа ашиглан, хүнсний хэрэгцээндээ зориулж өсгөн үржүүлж ирсэн таван хошуу малгүйгээр монголчуудыг төсөөлөх аргагүй.

Нүүдэлчин монголчууд бид өлсөхийн зовлонг үзээгүй. Тэр ч утгаараа 3 сая гаруй монголчуудын хүнсний хэрэгцээг хангах гэж дөрвөн улирлын аясаар мал аж ахуйгаа эрхэлж, өв уламжлалаа хадгалж байгаа малчин түмнийг хүндэтгэх учиртай билээ.

1 сая 566 мянган км2 уудам нутагтай, нэг хүнд ногдох газар нутаг, малынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг Монгол Улсын нийт газар нутгийн 88.2 хувь буюу 140.5 сая га-г байгалийн бэлчээр эзэлж, 2 сая га хадлангийн газартай хэмээн үзэж байсан цаг саяхан.

Байгаль цаг уурын өөрчлөлт, хур тундасны хомсдол, бэлчээр нутгийн зохисгүй ашиглалт, малын тоо толгой нэмэгдсэн зэрэг нь цөлжилт, бэлчээрийн хомсдол үүсэхэд хүргэж байна.

 

Бэлчээр бол малчдын мал сүргээ өсгөн үржүүлэхэд чухал үүрэгтэй амьжиргааны гол эх үүсвэр. Гэтэл бэлчээрийг хайр гамгүй ашиглаж байгаа нь байгалийнхаа жамаар нөхөн сэргэх боломжийг олгохгүй байна.

Малчид өвлийн хахир цагийг давж, урин хавартай золгохын тулд өөрийн чадах бүхий л аргаа хэрэглэдэг ч гэлээ зайлшгүй нөхцөлд отор нүүдэл хийхээс аргагүйд хүрдэг. Нутаг орноо орхиод өөр аймаг суманд “ОТРЫНХОН” хэмээн ад үзэгдэх болсон.  Отрынхоныг бидний л нэг малчин хэмээн орон нутгийнхан тэднийг хүлээн авч өвөлжүүлдэг байсан цаг ард хоцорч байна гэхэд хилсдэхгүй болов уу.

Сүүлийн жилүүдэд бүх аймаг, сумдад малын тоо толгой улам бүр өсч, бэлчээрийн даац хэтэрсэнээс “Отрынхон” ихээр их ад үзэгдэж байна. Өөрийн өнжөөж амраасан газраа алдчихлаа хэмээн нутгийн малчид бухимдаж, отрынхонтой гар зөрүүлээд авах тохиолдол ч мэр сэр гардаг болов. Орон нутгийн удирдлагууд ч нутагтаа Отрынхоныг буулгахгүй хэмээн хөөж туудаг болсон.

Монгол Улсын иргэн хаана ч амьдрах эрхтэй гэдэг утгаараа төрж, өссөн нутгаа орхиод малчин хүн малаа дагаад отор нүүдэл хийхийг буруутгах аргагүй ч одоо байгаа бэлчээрээ зөв зохистой ашиглаж, нөхөн сэргээж, хайрлан хамгаалах төрийн бодлого үгүйлэгдэж эхэллээ. Талхлагдсан нутгаа орхиод өөр газар нүүснээр сэргэх чадвар нь буурч, бэлчээрийн доройтол бий болж байгаагаас үүдэн жилээс жилд малын ашиг шимийг нэмэгдүүлдэг шимт ургамалын тоо, төрөл цөөрч, дахин сэргэхээргүй болж байгааг эрдэмтэн судлаачид хэлж ярьсаар байна.

Энэ цаг үед Бэлчээрийн тухай хуулийн зохицуулалт хийж байж, ирээдүйд монгол малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлж, бэлчээр нутгаа авч үлдэнэ.

Бэлчээрийн тухай хуулийг батлах асуудал нь хууль тогтоогчдын ярианы гол сэдэв байдаг ч гэлээ батлагдахгүй дуншсаар байгаа нь нууц биш. Бэлчээрийн тухай хуультай боллоо гээд хэдэн малчдад монголынхоо газар нутгийг хуваагаад, хашаалаад өгчихнө гэсэн ойлголт биш.

Харин хуулийн дагуу асуудлыг шийдэх боломж юм. Тухайлбал, тухайн жилийн байгаль цаг уур, ургамлын гарц ямар байснаас шалтгаалан бэлчээрийг хэрхэн зөв зохистой ашиглах болон отор нүүдэл хийх тохиолдолд бэлчээр ашигласаны төлбөрөө хэрхэн өгөх тухай асуудал юм.

Уг төлбөрийг нь тухайн орон нутгийн бэлчээрийг нөхөн сэргээх, отор нүүдлийн ая даагаагүй малынх нь сэг зэмийг устгаж байгаль орчноо хамгаалах, халдварт өвчнөөс сэргийлэх зэрэг олон асуудлыг Хуулийн хүрээнд шийдэх зохицуулалт болж чадна. Магадгүй бид энэ асуудлаа шийдэхгүй явсаар байвал талхлагдсан газар нутаг улам л их болж, малчдын бэлчээрээс үүдэлтэй маргааныг шийдвэрлэхэд улам л бэрх болно.

Эцэст нь мал бэлчээрлэх газаргүй болчихвол отрынхоны их нүүдэл хаашаа чиглэх вэ . . .

П.Нарандэлгэр