“Зорчигч гурав тээвэр” ОНӨААТҮГазар хоёр давхар цахилгаан автобус 10, энгийн цахилгаан автобус 36, нийт 46 ширхэг цахилгаан автобус, 15 ширхэг цэнэглэх төхөөрөмж, 4 ширхэг эрчим хүчний дэд станц худалдан авч, техникийн парк шинэчлэлт хийхээр бэлтгэл ажлуудыг хангажээ. Энэ талаар “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон: -Эхний ээлжинд давхар автобус 10 ширхэг, дан автобус 36 ширхэг орж ирээд байгаа. Тэдгээрийг зургаадугаар сардаа багтаж үйлчилгээнд явуулна гэв.
Мөн тэрбээр дээрх автобуснуудыг Хятадын Хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээлээр авч буй. Урьдчилгаа 20 хувийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр, 80 хувийг Монголын хөгжлийн банкны зээлийн эх үүсвэрээр авсан. Бүгдээрээ БНХАУ-д үйлдвэрлэсэн, 100 хувь цахилгаан автобус.
Давхар автобусны нэг бүрийнх нь үнэ 200 мянга орчим доллар бол нэг давхар цахилгаан автобусыг 140 мянган доллароор авчээ. Хоёр давхар автобусны хувьд 4.2 метр өндөртэй, дотор нь нийт 70 хүн зорчино. Улаанбаатар хотын төв замаар байрладаг троллейбусны шугам нь 5.6 метрээс дээш өндөрт байдаг учир хоёр давхар автобусыг троллейбус газруудаар ч үйлчилгээнд явуулах бүрэн боломжтой.
Мэдээж цахилгаан автобусыг Улаанбаатарт оруулж ирээд жил гаруйн хугацаанд 48 мянган километрт туршилт хийсэн. Нэг удаагийн цэнэгээрээ 06:00-23:00 цаг хүртэл тасралтгүй явж байгаа. Давхар нь ч ялгаагүй. Өвөл, зун бүх зүйл нь асуудалгүй бөгөөд зуны улиралд агаар хөргүүр ажиллана. Энэ долоо хоногийн Бямба гарагаас эхлэн үйлчилгээнд гаргахаар төлөвлөн, автобусны камеруудыг онлайн системд холбох, тусгай төхөөрөмжүүдээр тоноглох зэрэг бэлтгэл ажлаа хангаж байна гэсэн байна.