Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Хэнтий аймагт ажиллалаа. Энэ үеэр Чингис хотноо баригдсан Ардчиллын өргөө нээлтээ хийсэн юм. Нээлтийн үйл ажиллагаанд Хэнтий аймгийн Ардчилсан намын дарга Н.Алтангэрэл, УИХ-ын 18 дугаар тойрогт нэр дэвшигч Э.Бат-Үүл, Ж.Оюунбаатар, Т.Пүрэвхатан болон АН-ын гишүүд дэмжигчид оролцлоо. Энэ өргөө нь ардчилсан намын үе, үеийн гишүүд дэмжигчид, ҮБХ-ны гишүүд гээд ардчиллыг дэмждэг бүх хүний хандив дэмжлэгээр баригджээ.
Нийт 200 хүний суудалтай хурлын танхим, гишүүд дэмжигчдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх өрөө, Хэнтий аймгийн Хэрлэн сумын ардчилсан намын хорооны албан өрөө, ҮБХ-ны гишүүдийн өрөө зэрэг намын стандартын дагуу баригдсан аж. Нээлтийн үеэр Ардчилсан намын С.Эрдэнэ “Эрх баригчдын увайгүй үйлдэл хэрээс хэтэрлээ. Олон улсын тавцанд Монголын нэр хүндийг унагалаа. Монгол Улс өнөөдөр хүртэж болох бүхий л муу, муухайг хүртчихээд сууж байна. Эрх баригчид амласан бүхнээсээ ухарсан. Хариуцлага тооцох чухал сонголтын өмнө ирээд байна. Монголын ард түмэн мөнгөнд хууртахгүй гэдгийг 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль тод харуулсан. Ардчилсан нам өнөөдрийнхөөс ч хүнд байдалд байсан. Гэхдээ бид ялалтыг байгуулж чадсан. Энэ бол Монголын ард түмэн, ардчиллыг дэмжигч мянга, мянган гишүүдийн итгэл, сэтгэл, дэмжлэг байсан юм. Бид ирээдүйнхээ төлөө, үр хүүхдийнхээ амьсгалах агаар, гишгэх газрыг бүтэн байлгахын төлөө, улсынхаа тусгаар тогтолын төлөө бат зогсох ёстой. Тэдэнд хариуцлага тооцож, тэднийг байранд нь тавьж чадах цорын ганц хүчирхэг улс төрийн хүчин бол Ардчилсан нам” гэлээ.
Ардчиллын өргөө улам өргөжиж, ногоон байгууламж, тохижилтын ажлыг үргэлжүүлэн хийх бөгөөд ардчиллалыг дэмждэг хүн бүрийн өмнө үүд хаалга нь үргэлж нээлттэй гэдгийг удирдлагууд нь онцолж байв.
Эх сурвалж: Ардчилсан нам