МАН-ЫН ДАРГА У.ХҮРЭЛСҮХИЙГ ХУУЛЬ ЗӨРЧСӨН АСУУДЛААР УЕПГ-Т ШАЛГУУЛАХААР ГОМДОЛ ГАРГАЛАА

УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт нэр дэвшигч, МАН-ын дарга У.Хүрэлсүх иргэд сонгогчидтой уулзах үеэрээ худал амлалт өгч хууль зөрчжээ. Уг асуудлыг шалгуулахаар УЕПТ-т хандсан талаар хуульч Н.Ариунболд мэдээлэл хийлээ.

Н.Ариунболд “Сонгуулийн сурталчилгааны хугацаанд хууль зөрчсөн бол төрийн хариуцлага хүлээдэг. Жирийн нэр дэвшигчид, ухуулагчид хууль зөрчсөн асуудал гарахад цагдаагийн байгууллага бөөн, бөөнөөрөө очиж мэдүүлэг авах асуудал гарч байна. Харамсалтай нь эрх баригч намын удирдлагууд, УИХ-ын гишүүд хууль зөрчихөд төдийлөн арга хэмжээ авахгүй байгаа юм. Тухайлбал, МАН-ын дарга У.Хүрэлсүх Завхан аймагт сонгуулийн сурталчилгааны уулзалт хийхдээ сонгогчдын саналыг татах зорилгоор сонгуулийн мөрийн хөтөлбөрт байхгүй зүйлийг амлалаа. Тодруулбал, ирэх жилийн зургадугаар сар гэхэд бүх иргэдэд сая төгрөг өгөх хууль бус амлалт өгсөн.

Ер нь улс төрийн намууд сонгуульд оролцохын өмнө яах гэж аудитад материалаа хүргүүлж шалгуулдаг юм бэ. Хуульд нийцсэн тохиолдолд СЕХ бүртгэдэг биз дээ. Аль ч намын мөрийн хөтөлбөрт байгалийн баялгаас хувь, хувьцаа өгнө гэсэн амлалт байхгүй. Хэрэв мөрийн хөтөлбөрт байхгүй зүйлийг яривал тухайн нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас нь хасах хүртэл арга хэмжээ авдаг. Тиймээс ч  МАН-ын дарга У.Хүрэлсүх хууль зөрчсөн нь тодорхой болж байгаа учир нэрийн жагсаалтаас хасч, олон нийтэд мэдээлэх хуультай. Тиймээс уг асуудлыг шалгуулахаар УЕПГ-т гомдол гаргалаа. Уг нь ЦЕГ шалгах ёстой. Гэхдээ бид УЕПГ-т хандаж байгаа. Учир нь ЦЕГ өөрөө Засгийн газрын нэг агентлаг. ЦЕГ нь Ерөнхий сайдын харъяаны байгууллага болохоор дээд шатныхаа даргыг дуудаж,  мэдүүлэг авах үйл ажиллагаа удаашралтай байх болно. Тиймээс бид Засгийн газрын харьяанд хамаардаггүй УЕПГ-т гомдол гаргасан. Энэ асуудлыг хурдан хугацаанд шалгах байх.

Хэрвээ ингэж худлаа ярьж, хууль зөрчиж болдог юм бол бүх нэр дэвшигчид байгалийн баялгаас иргэдэд өгнө гэж яриад явах хэрэгтэй. Хамгийн их шударга ёс ярьдаг Ерөнхий сайд нь хууль зөрчих эрхтэй байж болохгүй. Энэ чинь хуулиар зохицуулагддаг асуудал” гэлээ.