“The Voice of Mongolia”: Шилдэг дөрвөн оролцогч- Дөрвөн өөр үзэл бодол

Олон сарын турш үзэгчдийг дэлгэцнээ уясан “The Voice of Mongolia”  шоу тэмцээн өнөөдөр ялагчаа тодруулах гэж байна. Тэмцээний төгсгөлийн шат “Монгол ТВ”-ээр 20:00 цагт шууд дамжуулах бөгөөд үзэгчдийн саналаар ялагчийг шалгаруулах юм. 

Энэ удаагийн тэмцээнд шалгарч үлдсэн шүүгч дасгалжуулагч Д.Отгонбаярын багийн оролцогч Б.Оюу, шүүгч Д.Болдын багийн оролцогч Х.Ядам, дасгалжуулагч Д.Уламбаярын багийн оролцогч Э.Дашням болон шүүгч С.Ононбатын багийн оролцогч Г.Эрмүүн нартай ярилцлаа.

-Өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?
Х.Ядам: Сайн байна уу? Намайг Хүрэлмөнхийн Ядам гэдэг. Гурван хүүхэдтэй айлын бага хүүхэд нь болж мэндэлсэн. Одоогоор “Техник Технологийн дээд сургууль”-д Авто замын инженер мэргэжлээр суралцахын хажуугаар “Геo Урбан консалтинг ХХК” –д авто замын зургийн инженерээр ажилладаг.
Г.Эрмүүн: Ган-Эрдэнэ овогтой Эрмүүн байна. Одоогоор “Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль”-д хүний их эмч мэргэжлээр дөрөвдүгээр курсдээ суралцаж байна. Арван жилдээ Анагаахын лицей сургуулийг сурч төгссөн. Усан спортоор хичээллэх дуртай, урлагт хайртай нэгэн байна.
Э.Дашням: Намайг Эрдэнээгийн Дашням гэдэг. Төв аймгийн Алтанбулаг сумын харьяа, уртын дуучин мэргэжилтэй залуу байна.
Б.Оюу: Намайг Батсайханы Оюу гэдэг. Одоо 28 настай, дуулах дуртай жирийн л нэг ээж, эзэгтэй хүн.

-The Voice of Mongolia тэмцээнд орох шийдвэрээ хэрхэн гаргаж байсан бэ. Шийдвэрээ гаргахад тань хамгийн их нөлөөлсөн хүн хэн бэ? Шоунд тэнцсэн анхны сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу.

Х.Ядам: Анх “The Voice of Mongolia” шоунд санамсаргүй байдлаар гэнэтийн шийдвэр гаргаад орж байсан. Ажлаа хийх зуураа “Монгол ТВ” телевизийн зарлалыг олж хараад л өөрийгөө сорьж үзэх зорилго тээн орсон. Энэ хүртэл явна гэж огтхон ч төсөөлж байгаагүй /инээв/. Blind Audition-д өөртөө итгэл муутайхан орж байсан юм. Тэр үедээ дөрвөн шүүгчийн сандал эргүүлж, дээрээс нь Д.Болд шүүгч, дасгалжуулагчаасаа сахиус нь болсон үнэтэй зүүлтийг нь бэлгэнд авна гэж зүүдлээ ч үгүй явсан учир үнэхээр гэнэтийн байсан.

Г.Эрмүүн: Хамгийн түрүүнд гэр бүл, найз нөхөд маань ихээр нөлөөлсөн. Гэхдээ хэдий дотны хүмүүсийн маань дэмжлэг байсан ч хамгийн гол зорилго, зорилтыг тавьж “The Voice of Mongolia” шоунд оролцох шийдвэрийг гаргасан хүн нь би өөрөө. Мэдээж дөрвөн шүүгч эргүүлсэн миний хувьд үнэхээр их цочирдсон. Зорилгодоо нэг алхам урагшилсандаа үнэхээр их баярлаж цаашдаа ч улам хичээх зорилго өөртөө тавьж байсан.

Э.Дашням: “The Voice of Mongolia” шоунд орох шийдвэр маш гэнэтийн байсан. Орох болсон өөрийн үндсэн бодол шалтгаан бол Монголын үндэсний урлагийг бүр илүү сурталчлан, таниулж мэдүүлэх, Монголын өвөг дээдсийн агуу өв уламжлал, аялгууг хүмүүс мэдрээсэй гэсэндээ орсон. Шоунд тэнцсэн анхны сэтгэгдэл маш гоё байсан. Миний амьдралын хамгийн гайхалтай гоё мөч.

Б.Оюу: Анх “The Voice of Mongolia” шоунд орох урам зориг надад дутаж байсан. Гэвч шоуны анхны улирлын оролцогч, Swing Round хамтлагийн дуучин, миний хамгийн сайн найзуудын нэг Санчир надад урам зориг өгч, хамгийн ихээр нөлөөсөн. Энэ дашрамд найздаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Учир нь тэр үед намайг урамшуулаагүй бол би ийм аз жаргалтайгаар энэ аяллыг ингээд үргэлжлүүлж байхгүй байсан байх аа.

-Олон сарын турш үргэлжилсэн урт аялал дуусах гэж байна. “The Voice of Mongolia” шоуны таван шатыг давлаа. Хамгийн том даваа та бүхний өмнө үлдэж байна. Финалд үлдсэн та бүхний сэтгэгдэл? 

Х.Ядам: “The Voice of Mongolia” шоуны финалын шатанд хүртэл явсандаа маш их баяртай байгаа. Хүмүүс надад тийм их санал өгнө гэж ер бодоогүй явсан. Тиймээс миний хувьд энэ аялал солиотой гоёор үргэлжилж байна.

Г.Эрмүүн: С.Ононбат шүүгч, дасгалжуулагчийнхаа багийн төлөөлөл шилдэг ганц оролцогч нь болж үлдсэндээ баяртай байна. Багийнхаа хүмүүсийн итгэл найдвар, ард түмний намайг гэж дэмжсэн тэр сэтгэлийг сэвтээлгүй үзүүлбэрээ улам бүр сайжруулж, бүрэн гүйцэд үзүүлэхийг хүсч байна.

Э.Дашням: Зорилгын маань тавин хувь биелж байгаа гэж үзэж байна. Үүнээс цаашаа дахиад хол явах зам бий.

Б.Оюу: Айдас түгшүүр, догдлол сандрал бүх зүйл давхцан мэдрэгдэж байна. Заримдаа уйлмаар ч юм шиг, инээмээр ч юм шиг. Гэхдээ нэгэнт энэ шат хүртлээ явж чадсан болохоор гуньж гутарч шантралгүй, улам урагшаа дээшээ тэмүүлсээр байгаад дуусгана гэж бодож байна.

-Энэ хугацаанд юунд суралцсан бэ. Ямар туршлага хуримтлуулж, юу ойлгож ухаарч авсан бэ?

Х.Ядам: “The Voice of Mongolia” шоу бараг л уран бүтээлчдэд зориулсан түргэвчилсэн дээд түвшний сургалт л гэсэн үг. Энэ шоунд орсноор би ч гэлтгүй маш олон хүн дуулалтын  ур чадвараас авахуулаад хүнтэй хэрхэн харьцах,  тайз, дэлгэцийн өмнө хэрхэн биеэ авч явах гээд олон зүйлийг сурсан болов уу гэж би хувьдаа боддог.

Г.Эрмүүн:  “The Voice of Mongolia” шоунд орсноороо маш олон төрлийн хүмүүстэй харилцаж үзсэн. Хүн болгонд өөр өөрсдийн гэсэн давуу тал байдаг учраас тэр олон хүнээс өөр өөр олон зүйлсийг сурч мэдэж авсан. Цаг төлөвлөлт, аливаад сэтгэл зүрхнээсээ хандах чанарыг мөн багийнхнаасаа сурсан. Мэдээж дуулалтын хувьд С.Ононбат шүүгч, дасгалжуулагчтайгаа ажиллаж байгаа учраас ур чадвар улам их нэмэгдэж байгаа.

Э.Дашням: Маш олон зүйлийг сурч авсан. Урлагийн хүн ямар байх ёстой, багаар яаж ажиллах ёстой, урлагийн ертөнцөд ямар олон хүний хөлс хүч, хөдөлмөр явж байдгийг харлаа. Ганц би биш миний ард хэчнээн олон хүн ажиллаж байж энэ гайхалтай шоу нэвтрүүлгийг үзэгч түмэнд хүргэдгийг харах бүрт бахархах сэтгэл төрж байна.

Б.Оюу: Маш гоё найз нөхөдтэй боллоо, хөөрхөн дүү нартай боллоо. Хүн чаддаг юмандаа дурлаж, хэзээ ч бууж өгөх ёсгүй юм байна гэдгийг ойлгосон.

-Цаашдын зорилго юу вэ? Ялагч болбол ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна вэ? Мөн анхны уран бүтээл тань ямар байгаасай гэж хүсэж байна вэ?

Х.Ядам: Одоогоор миний өмнөө тавьсан хамгийн эхний зорилго бол “The Voice of Mongolia” шоуны ялагч болох. Анх санамсаргүй байдлаар өөрийгөө сорих зорилготой орсон хэдий ч одоо бол “The Voice of Mongolia” шоу миний хувьд хамгийн үнэ цэнтэй. Хэрвээ би ялагч болбол хүмүүст шинэлэг уран бүтээлээрээ бэлэг барихыг хүсэж байна. Ерөнхийдөө цоглог хэмнэлтэй дуу надад түлхүү зохиж байна гэж харж байгаа учраас тийм л дуу байгаасай гэж хүсэж байгаа.

Г.Эрмүүн: Цаашдаа гайхалтай уран бүтээлүүдийг гаргана. Уран бүтээлээрээ дамжуулж үзэгч, сонсогчдодоо сайн сайхан бүхнийг хүргэхийг хүсч байна. Гэхдээ мэдээж эрүүл мэндийн салбараа орхихгүй. Зорилго тэмүүлэл байгаа цагт болно доо…

Э.Дашням: Дэлхийд үндэсний урлаг соёл аялгууг таниулах зорилготой байна. Үндэсний хэв шинжийг агуулсан мөртлөө орчин үеийн хөгжмийн хэв маягийг агуулсан хүн болгоны сонсож болохоор уран бүтээл гаргах хүсэлтэй байгаа.

Б.Оюу: Рок жанраар уран бүтээл гаргана гэж бодож байгаа.

-Амьдрал дээр болон уран бүтээл дээр таны үлгэр дуурайл авдаг хүн хэн бэ?Тэр хүний ямар зан чанар таныг хурцалдаг вэ?

Х.Ядам: Өмнө нь Жон Майер  гэдэг дуучин, хөгжмийн зохиолч хүнээс хамгийн их үлгэр дуурайлал авдаг байсан. Мөн Майкл Бублегийн бараг бүх тоглолтыг үзсэн байх. Энэ хоёр уран бүтээлчээс өөрийнхөөрөө байх, тайзнаа хэрхэн биеэ авч явах гээд их зүйлийг олж харсан. Харин одоо бол бүх л зүйлээ Д.Болд шүүгч, дасгалжуулагчаасаа үлгэрлэн сурч, түүнээс хамгийн их урам зоригийг авч байна даа.

Г.Эрмүүн: Миний хамгийн их үлгэр дуурайл авч, хүндэлж явдаг хүн маань С.Ононбат шүүгч, мөн дасгалжуулагчийн маань гэргий Т.Нансалмаа эгч маань. Тэр хүний аливаад тууштай, дайчин зан чанар маш их таалагддаг, үргэлж намайг хурцалж, улам бүр хичээх зоригийг өгдөг дөө. Энэ дашрамд багшдаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.

Э.Дашням: 20-р зууны алтан үеийн Монголын дуучдаас үлгэр дуурайл их авдаг даа. Тэдний сайхан Монгол аялгуунаас ихээхэн урам зоригийг авдаг.

Б.Оюу: Ээжээсээ л үлгэр дуурайл авдаг даа. Ажилсаг, сайхан сэтгэлтэй хичээнгүй, хүн чанартай, бусдыг хайрладаг. Сүүлийн үед Донна Миссал дуучнныг их сонсож байгаа. Тэр бол маш чадварлаг хоолойтой рок эмэгтэй дуучин.

-Дасгалжуулагчийнх нь хэлж, зааж сургасан хамгийн үнэ цэнтэй үгс? 

Х.Ядам: Д.Болд шүүгч, дасгалжуулагч маань “Ямар ч үед үнэ цэнээ бүү алд. Мөн ямар цэгээс хэрхэн ирснээ үргэлж санаж, аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандаж бай” гэж хэлдэг юм.

Г.Эрмүүн: Үгийг дуу хоолойгоороо амилуул гэж хэлж байсан.

Э.Дашням: Отгонбаяр шүүгч, дасгалжуулагч маань хүний мөн чанар, эр хүн байх талаас их зааж зөвлөдөг байсан. Харин Ука дасгалжуулагч маань хүнлэг байхыг их заадаг. Хаана ч, хэнийг ч ялгалгүй эрх тэгш хандаж хайрлаж харьцахыг л зааж сургаж байгаа. Би ер нь хоёр шүүгч дасгалжуулагчтай ажиллаж, суралцаж яваа азтай хүн шүү..

Б.Оюу: Хүн бай, бусдыг хайрла гэж хэлдэг.

-Бусад гурван өрсөлдөгчийн талаарх таны бодол?

Х.Ядам: Би хэн нэгнийг өрсөлдөгчөө гэж харах дургүй. Ер нь хүний хамгийн том өрсөлдөгч бол тэр хүн өөрөө л байдаг. Хүн өөрийгөө ялан дийлж чадаж байвал тэгээд л болно доо.

Г.Эрмүүн: Оролцогч бүрийн хувьд өөрсдийн гэсэн онцлог давуу талтай. Тэдний сайн сайхан зүйлсийг нь дурдаад барахааргүй чадварлаг, авьяаслаг дуучид. Миний хувьд өөр дээрээ түлхүү анхаарч ажилладаг.

Э.Дашням: Бусад гурван өрсөлдөгч маань хүчирхэг авьяаслаг залуучууд. Хамтдаа нэг зорилго дор Монгол ард түмэнд урлаг, уран сайхныг хүргэхийг хичээж байгаа хүмүүс ээ.

Б.Оюу: Бусад оролцогчидтойгоо өрсөлдөөн гэхээсээ илүү найзууд, дүү нар болсон. Яагаад ч юм гурван эрэгтэй болохоор ганц эмэгтэйгээ их эрхлүүлж байгаа / инээв/

-Дуу хөгжим таны амьдралд ямар байр суурийг эзэлдэг вэ?

Х.Ядам: Дуу хөгжим миний хувьд гэр бүлийн маань дараачаар орохуйц тийм л чухал байр суурийг эзэлдэг. Хэрвээ миний амьдралд дуу хөгжим байгаагүй бол би энэ их баяр баясгаланг мэдэрч чадахгүй байсан болов уу…

Г.Эрмүүн: Мэдээж хамгийн том байр суурийг эзэлдэг. Ямар нэг байдлаар дуу хөгжимгүй намайг амьдар гэвэл би үхлийг сонгох байх.

Э.Дашням: Дуу хөгжим миний амьдралд нэлээн дээгүүр байр суурь эзэлдэг. Ижий ааваас минь жаахан доогуур юм уу даа.

Б.Оюу: Надаас хэзээ ч холдохгүй, салахгүй тийм л зүйл.

-Та юу хийгээгүй бол хамгийн ихээр харамсах вэ?

Х.Ядам: Хүн болгонд л тухайн мөчид хийхийг хүссэн ямар нэг зүйл байдаг. Яг үүнийг л хийж үзмээр байна гэсэн. Хэрвээ тэгээд л тэр зүйлээ хийж чадалгүй өнгөрөөчихвөл харамсалтай санагддаг. Хүн ер нь хүссэн зүйлээ тэр даруйд нь биелүүлж, зорилготой, тэмүүлэлтэй амьдрах хэрэгтэй гэж боддог.

Г.Эрмүүн: Өөрт олгогдож байгаа бүхий л цаг хугацаагаа ашиглаж чадаагүй бол харамсах байх.

Э.Дашням: “The Voice of Mongolia” шоунд орж ирээгүй бол харамсалтай байх байсан. Энэ шоу хүсэл мөрөөдлийн маань үүд хаалгыг нээж өгсөн. Өөрийнхөө амьдралд бас нэг гайхамшигтай зүйлийг үлдээж чадлаа.

Б.Оюу: Дуу хөгжим би чиний мөнхийн сурагч байх болно.

-Та хэзээ өөрөөрөө байдаг вэ?

Х.Ядам: Ер нь дандаа л өөрөөрөө байдаг. Элдэв маяг байхгүй ээ. Ёстой тийм зүйлд дургүй.

Г.Эрмүүн: Үргэлж л өөрөөрөө байдаг.

Э.Дашням: Байнга л өөринхөөрөө байдаг даа.

Б.Оюу: Бүх цаг үед өөрийнхөөрөө байдаг. Надад нуугдмал зан чанар бараг байхгүй. Их нээлттэй хүн шүү дээ.

-Үеийнхээ залууст хандаж юу хэлэх вэ?

Х.Ядам: Хүн мөрөөдлийнхөө төлөө тууштай, нэг шийдсэн зүйлдээ үнэнч байвал юунд ч хүрч болно гэж боддог. Тиймээс залуучуудаа тийм л байгаасай гэж уриалах байна.

Г.Эрмүүн: Манай залуу үе үнэхээр мундаг болчихсон. Доод тал нь хоёроос дээш хэлтэй байх жишээний. Чөлөөт цагаа зөв өнгөрүүлж, үргэлж өөрсдийгөө хөгжүүлж байдаг. Би үргэлж үеийн эрч хүчтэй залуучууд, бүсгүйчүүдээс суралцаж байдаг. Ганцхан залуу үе гэлтгүй хүн бүр эерэг сайхан хандлагатай байвал нийгэм өөрөө сайхан болно гэж боддог доо. Тиймээс хүн бүр дор бүрнээ хичээцгээе гэж уриалах байна.

Э.Дашням: Монгол гэдэг үндэстэн бол өөрийн гэсэн түүхтэй, соёлтой, идэх хоол, өмсөх хувцас, дуулах дуу хөгжимтэй, бүх зүйлтэй. Тиймээс энэ бүгдийг орхигдуулалгүй дэлгэрүүлэн таниулах хэрэгтэй. Өөр гадны хэн нэгэн үүнийг маань гарч ирээд цааш авч явахгүй шүү дээ. Тиймээс энэ өв соёлоо өөрсдөө хадгалж үлдэх нь чухал гэж бодож хичээж явдаг.

Б.Оюу: Хамгийн хийх дуртай зүйлээ олоод тэрнийхээ төлөө тууштай суралцаад дуртай зүйлээ ажил мэргэжил болгож чадвал чи хэзээ ч уйдахгүй бас харамсахгүй.

-Цаг зав гарган ярилцсан та бүхэнд баярлалаа. Амжилт хүсье.

 

Эх  сурвалж: А.Наранцэцэг (gogo.mn )