Монгол, Кувейтийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой өчигдөр тохиолоо. Монгол Улс Булангийн орнуудаас Кувейт Улстай хамгийн түрүүнд дипломат харилцаа тогтоосон юм.
Өнгөрсөн хугацаанд Кувейт Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар Тайширын Усан цахилгаан станц, Дархан-Эрдэнэт-Булган-Уньт- Тариалангийн чиглэлийн нийт 415 км авто замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлсэн билээ. Түүнчлэн одоогийн байдлаар тус улсын буцалтгүй тусламжаар Түлэнхийн төв эмнэлэг барих, Өндөрхааны нисэх онгоцны буудлыг шинэчлэх төслүүдийг хэрэгжүүлж байна.
Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Кувейт Улсын Гадаад хэргийн сайд Шейх Ахмад Нассер Аль-Мухаммад Аль-Сабах нар харилцан баяр хүргэж, захидал солилцжээ.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам