Цагдаагийн ерөнхий газраас сонгогчдын саналыг худалдан авч, сонгуульд нөлөөлөх гэсэн үйлдлийг иргэдийн гомдол болон шалгалтын хүрээнд илрүүлэн шалгаж байгаа аж.Мөнгө, эд зүйл тараасан гэх гомдлуудыг нарийвчлан шалгаж байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол Сонгуулийн ерөнхий хороо тухайн нэр дэвшигчийн нэр дэвших эрхийг хүчингүй болгон, нийтэд мэдээлэх үүрэгтэй юм байна.
Илэрсэн зөрчлөөс дурьдвал,
- 6 сарын 5-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд нэр бүхий намын сонгуулийн штабын ажилтнууд тус сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хашаа барьж өгсөн асуудлыг шалгаж, шүүхэд шилжүүлэн, холбогдогч Б-д 20 сая төгрөгтэй тэнцэх торгууль ногдуулсан.
- 6 сарын 12-ны өдөр Дундговь аймагт нэр дэвшигч 300 гаруй мотоциклийг тойрогтоо тээвэрлэн авчирч, хадгалж байсан үйлдлийг иргэний гомдлын дагуу илрүүлсэн. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
- 6 сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа Б-ийн гэр бүлийн хүн Баянгол дүүрэгт төрсөн өдрөө тэмдэглэж байгаа нэрийдлээр бэлэг, бэлэн мөнгө тараасан асуудал гарсныг мөрдөн шалгаж байна.
- 6 сарын 16-ны өдөр нэр дэвшигч П-ийн сурталчилгааны менежер бэлнээр 40 сая төгрөг авч явсныг илрүүлэн мөрдөн шалгаж байна.
- 6 сарын 18-ны өдөр Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаанд ажиллаж буй тээврийн хэрэгслийг шатахуунаар хангах нэрийдлээр 80 орчим иргэний тээврийн хэрэгсэлд шатахуун хийж өгсөн гэх асуудлыг шалгаж байна.
- 6 сарын 18-ны өдөр Говь-Алтай аймагт нэр дэвшигч А-ийн сонгуулийн ажилтан нэр дэвшигчийн төлөө санал өгүүлэх зорилгоор долоон хүнтэй уулзаж бэлэн мөнгө тараасныг шалгаж байна.
Хэрэв сонгуулийн санал худалдан авахаар мөнгө тарааж байгаа тохиолдолд түүнийг баримтжуулан тухайн мөнгөний үнийн дүнг арав дахин нэмэгдүүлэн буруутай этгээдээс шаардах хуулийн зохицуулалттай юм байна.
Цагдаагийн ерөнхий газарт ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш сонгуулийн хуулийг зөрчсөн гэх 1118 гомдол ирсний 518 нь нийслэлд, 600 нь орон нутагт бүртгэгдсэн байна.