Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 30 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Д.Дорлигжавтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлын алба гэдэг утгаараа бусад төрийн байгууллагаас хэрхэн ялгардаг вэ?
-Бусад төрийн байгууллагаас ялгаатай тал ч бий, адил ч тал бий. Ерөнхий зарчим адил улсынхаа эрх ашиг нэгдсэн бодлогын төлөө хуулийн хүрээнд ажиллана. Ерөнхийлөгчийн институцын онцлог бол олон талтай үйл ажиллагаа явуулдаг. Батлан хамгаалах, эсвэл хуульзүйн яам шиг нэг л салбар хариуцаагүй. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчид хамаарахгүй юм гэж байхгүй. Хуулиараа Ерөнхийлөгч бүгдийг нь шийддэггүй ч ард иргэд төрийн тэргүүндээ санал хүсэлтээ тавьдаг. Төрийн тэргүүн улс орны гадаад дотоод бодлогод байр сууриа илэрхийлдэг. Төрийн ёслол хүндэтгэл гэдэг хүн харахад шоу юм шиг мөртлөө цаанаа гүнзгий утга учиртай. Иймд цаг тухайд нь зөв, ёс зүйтэй хийх гээд үүрэг хариуцлага ихтэй.
Дээрээс нь манай хуулинд нэг сонин зүйл байдаг юм. Ерөнхийлөгч сонгогдоод намаасаа татгалзаад намын бус зарчмаар ажиллана гэж Үндсэн хуулинд байдаг. Зөв л дөө. Тэгсэн хэрнээ зөвлөхүүд нь, Тамгын газрын дарга нь улс төрийн албан тушаалтан байдаг. Тамгын газрыг толгойлж байгаа хүн улс төрийн байр сууринаас хандаж ажиллах юм уу, эсвэл өөрөөр ажиллах уу гэсэн ойлголтын бэрхшээл байдаг. Миний хувьд үндсэндээ төрийн талаа барьж ажилласан. Яагаад гэвэл цаана нь бүхэл бүтэн нам байна. Тэр нь улс төрийнхөө үйл ажиллагааг явуулчихна. Ерөнхийлөгч бол үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрт тусгасныхаа дагуу ажиллаж, өөрөө ардчилсан нийгмийн баталгаа байх ёстой. Эрх мэдэлгүй мэт харагдах боловч Ерөнхийлөгчөөс гарч байгаа бодлого, шийдвэрүүдэд нэвт шингэсэн байгаа учраас тухайн намынхаа улс төрийн үзэл бодлыг үйл ажиллагаандаа шингээж байна л гэсэн үг. Тэр үүднээс Тамгын газрын дарга, зөвлөхүүд, улс төрийн албан тушаалтнууд нэг их улс төр яриад яваад байх шаардлагагүй. Үндсэн хуулийн үзэл санааг Ерөнхийлөгчийн хэлж байгаа үг, гарч байгаа шийдвэрт шингээх гэдэг утгаараа төрийн ч үйл ажиллагаа болдог, улс төрийн ч үйл ажиллагаа болдог. Энэ асуудал дээр бол зөрчилдөөд сүйд болдоггүй юм.
Тамгын газрын үйл ажиллагааны талаарх олон нийтийн санаа бодол ойлголтын тухайд?
-Манай Үндсэн хуулийн гажиг энд байгаа юм. “Ийм ийм мөрийн хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд сонгогдоод гараад ирсэн шүү дээ. Үүнийгээ хэрэгжүүлэх байх” гэсэн хүлээлт иргэдэд байдаг. Гэтэл нөгөө талд нь өөр нам засгийн эрх бариад байж байдаг. Тэд өөр хандлагатай, өөр зорилт дэвшүүлсэн байгаа. Ингэхээр Ерөнхийлөгчтэй ил далд зөрчилдөх нь их. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хувьд хамгийн том бэрхшээл бол энэ. Би хувьдаа тэр бүхнийг улс төрийн хэрүүл маргаан болгож хэзээ ч ил гаргадаггүй байсан. Яагаад гэвэл төр энэ асуудал дээр ард түмнийхээ нүдэнд хэзээ ч сайхан харагддаггүй. Гэхдээ л тэр сөрөөд байгаа, зөрөөд байгаа Засгийн газрын гишүүн, тухайн Засгийн газартай ойлголцохын тулд хувиараа ч, албаны журмаар ч уулзаж ярилцана. Зарим үед улс орны эрх ашиг ярих, заримдаа бүр аргагүй байдалд Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт тусгагдчихсан асуудал гэх мэтээр аль болох л ойлгуулахыг хичээж ажиллаж байлаа.
Хамгийн том бэрхшээл бол Ерөнхийлөгч зарлигийн төсөл санаачлах, хуулийн төсөлд санал оруулах үед өрсөлдөгч намын Засгийн газартай зөрчил үүсдэг юм. Тийм асуудал дээр “Ерөнхийлөгчийн хэлж байгаа юм чинь авууштай юм байна. Хэрэгтэй” гээд ханддаг хүмүүс ч бий. “Ерөөсөө сөрөг хүчний Ерөнхийлөгч учраас сөрж байх ёстой” гэсэн богинохон бодолтой, тийм араншинтай сайд нар ч таардаг. “За яахав дээ Ерөнхийлөгч саналаа л хэлсэн. Авбал аваг. Байвал байг” гээд хаяж болохгүй. Гарцаагүй хаяж болохгүй зүйлийг ойлгуулчих, шийдвэр болгоод хэрэгжүүлчих гээд хичээдэг боловч муйхарлаад байдаг. Энэ л хамгийн том зөрчил байдаг.
–Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрыг удирдаж байх үедээ тус байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэх чиглэлд таны оруулсан хувь нэмэр юу байсан бэ?
-Би олон удаа хэлсэн. 30-аад жил төрийн албанд зүтгээд, хамгийн сүүлд Ерөнхийлөгчийн Тамгын газар ажиллаж байхад нэг зүйлийг ойлгосон. П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр гээд бүх Ерөнхийлөгч сонгогдож гарч ирээд дандаа л зөрчилд ордог. Зөвхөн өөр намын Засгийн газартай төдийгүй, өөрийн нам нь засгийн эрхэнд гарсан ч ялгаагүй зөрчилдөж байсан. Зарим хүмүүс хүнээсээ болоод байгаа юм байна гэж ойлгоод Ерөнхийлөгчийг ч юм уу, эсвэл Ерөнхий сайдыг буруутгах хандлага байдаг. Үнэн хэрэгтээ энэ нь манай тогтолцооны гажиг юм. Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгож байгаа нь “Таны энэ бодлого зөв байна. Энийг хэрэгжүүл” гэсэн эрхийг нь буюу мандат өгсөн хэрэг. Гэтэл жилийн дараа УИХ-ын сонгууль болоод дахиад нэг өөр мөрийн хөтөлбөртэй Засгийн газар гарч ирдэг. Тэгээд энэ хоёр мөрийн хөтөлбөрийн зөрчил илт эхэлдэг. Ерөнхийлөгч бол төрийн онолоороо гүйцэтгэх засаглалд ордог. Гэтэл гүйцэтгэх засаглалын хоёр институцыг ард түмнээс сонгочихно. Тэгээд энэ хоёрыг хооронд нь мөргөлдүүлээд байдаг тогтолцооны гажиг байдаг. Энэнээс л манай төрийн энэ бүх гацаа, хэрүүл улбаалаад, цаашаа нам ба фракц, төрийн хагарал зөрчил эхэлж байна гэдэг нь ойлгогдож байсан. Тиймээс төрийн тогтолцоон дээр зарчмын шинж чанартай том өөрчлөлт хийх хэрэгтэй.
Ерөнхийлөгчөө ард түмнээс сонгож байгаа бол гүйцэтгэх засаглалаа толгойлоод явдаг, Ерөнхийлөгчийн засаглалтай болъё. Нэг бол ард түмнээс сонгогддогоо бүр болиод, парламентаасаа сонгогддог. Нэг их олон юм яриад байхгүй, тэд нарынхаа аясаар явж байдаг ийм л хоёр замын нэгийг сонгомоор байгаа юм. Миний бодлоор хууль тогтоодог парламент нь ч ард түмнээс сонгогддог, гүйцэтгэх засаглалын тэргүүн Ерөнхийлөгч нь ч ард түмнээс сонгогддог, Ерөнхийлөгчийн засаглалтай бол их ойлгомжтой зөрчилгүй явах боломжтой. Би Ерөнхийлөгчийн засаглал Монгол Улсад тохирохоор байна гэдгийг удаа дараа хэлээд байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлт шинэчлэлээр энэ асуудлыг шийдэх болов уу гэж их харж хүлээсэн. Харамсалтай нь шийдэгдсэнгүй. Харин ч ард түмнээс сонгогдож, мандат авсан Ерөнхийлөгчийн эрх хэмжээг хасах, Ерөнхий сайдын эрх хэмжээг нэмэх замаар энэ зөрчлийг шийднэ гэсэн маягтай өөрчлөлт орсон. Энэ бол асуудлыг шийдэж байгаа биш юм. Улам л гүнзгийрүүлсэн хэрэг. Энэ асуудал дээр “Ерөнхийлөгч хоёр удаа сонгогддог учраас дараагийн сонгуульд ялахын тулд зөрчил үүсгээд байна” гэж буруу дүгнэлт хийсэн. Үгүй. Ерөнхийлөгч бол нэг эсвэл хоёр сонгогдохоосоо үл хамааран, гарч ирээд өөрийнхөө зөв гэсэн үйл хэргийг, ард түмэндээ дэвшүүлээд гаргаж ирсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд асуудал тавина. Зөрчил хэвээрээ л байна. Харамсалтай нь энэ асуудлыг шийдэж чадаагүй.
–Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлдөг. Гадаад бодлогыг хэрэгжүүлэх чиглэлд тулгарч байсан асуудлууд?
-Гадаад харилцаан дээр бэрхшээл бага гарч байсан. Үндсэн хуулиараа Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсыг гадаадад төлөөлөх эрхтэй. Тэр утгаараа Ерөнхийлөгч бол Монгол Улсын дипломат албаны орой гэж үзэж болно. Яагаад гэвэл Үндсэн хуулийн үзэл санаа нь тийм юм. Тийм учраас гадаад харилцаан дээр Ерөнхийлөгч маш их идэвх санаачилгатай ажилласан. Засгийн газар ч гэсэн энэ тал дээр зөрчилдөөгүй. Жаахан зөрөх гээд байдаг нь Элчин сайд нарын томилгооны асуудал. Гэхдээ энэ бол зарчмын гэхээсээ илүү хувь хүний л үзэл бодлын асуудал учраас гайгүй байсан. Гадаад, дотоод дээд хэмжээний айлчлал, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайдын айлчлал гэх мэт зүйлийг ҮАБЗ дээр яриад зохицуулчихдаг байсан.
–Танд Тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой санал бий юу?
-Гучаад жилд Монгол Улс таван Ерөнхийлөгч сонгоход одоо хүртэл шийдэж чадаагүй нэг асуудал байдаг юм. Бид санаачилга гаргаад хуулийн төслийг нь бэлэн болгосон. Тэр юу гээч? Тэр бол төрийн дээд шагнал, одон, медалийг олгох журам, түүний хэв загварыг шинэчлэх. Энэ бол гарцаагүй шинэчлэх ёстой зүйл. Учир юу гэвэл шинэ Үндсэн хууль батлагдаад 30 жил болж байна. Гэтэл одоо хүртэл шагнал урамшууллын хууль нь шинэчлэгдээгүй. Хуучин төрийн сүлдтэй, хуучин батлагдсан загвараараа төрийн одон, медаль үйлдвэрлэгдэж байгаа. Энэ дээр үнэхээр хэлэх үг олддоггүй. Арчаагүй ч юм шиг, төрийнхөө ажилд хэнэггүй хандаад байгаа ч юм шиг. Хатуухан хэлбэл хууль зөрчөөд байгаа ч юм шиг. 30 жил өнгөрөөд байхад хуучин төрийн сүлдтэй одон, медаль хүний энгэрт зүүсээр л байна.
Бидний боловсруулсан шагнал урамшууллын тухай хуульд төрлийг нь өөрчилж оруулж өгсөн юм. “Иргэний алдар”-ын 1,2,3-р зэргийн одонгоор иргэнээ шагнадаг, “Цэргийн алдар”-ын 1,2,3-р зэргийн одонгоор мөрдэстэй хүмүүсээ шагнадаг. Гадаадын иргэнийг шагнадаг гурван шагнал нь одоо байгаа “Эрдэнийн очир”, “Найрамдал” медаль, “Алтангадас” одон. Ингээд иргэнээ шагнадаг гурав, цэргээ шагнадаг гурав, гадаадын иргэнийг шагнадаг гурван шагналтай. Дээр нь Улсын баатар, Хөдөлмөрийн баатар хоёрыг нэгтгээд нэг болгоё. Төрийн соёрхол нь байж байг. Чингис хааны одон бол онцгой хүндэтгэлийнх учраас байж байг. Өөр бусад олон шагналыг цэгцэлье” гэсэн төсөл бэлтгэсэн. Тэр үедээ ч, дараагийн 4 жилдээ ч шийдэгдсэнгүй. Энэ Ерөнхийлөгчийн үед ч шийдэгдэхгүй нь. Яг хуулийн дагуу аваад үзэхэд хууль бус шагналууд өгөгдөөд байгаа шүү дээ. Энэ үндсэн хуулийн биш шагнал гэсэн үг.
Эх сурвалж: president.mn