Профессор Н.Норов: Говьд, 200 м-ийн гүнд байгаа уранаас ДЦС болон үнснээс Улаанбаатарын агаарт шууд хаягдаж буй цацраг идэвхт бодис илүү нөлөөтэй

“Уранаас шалтгаалж хүн, малын эрүүл мэнд, байгаль орчин хүндэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй” гэсэн дүгнэлтийг Дорноговь аймгийн Улаанбадрах суман дахь “Бадрах Энержи” компанийн ураны үйлдвэр орчимд судалгаа, шинжилгээ хийсэн, ЗГХЭГ-аас томилогдсон Ажлын хэсэг аравдугаар сарын 5-нд танилцуулсан. 

Иймд бид олон нийтэд бодитой мэдээлэл хүргэх үүднээс хөндлөнгийн мэргэжлийн хүнээс байрсуурийг нь сонссон юм. МУИСийн Цөмийн физикийн судалгааны төвийн салбарын эрхлэгч,профессор Н.Норов бол Атомын цахилгаан станцын Монголын хамгийн анхнымэргэжилтэн төдийгүй МонголУлсын реакторын зургаан докторыг төрүүлээд буйбагш.Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Ураны хайгуул хийж байгааУлаанбадрах сумын нутагт ажиллаад ирсэн мэргэжлийн багдүгнэлтээ саяхан танилцуулсан. Ингэхдээ уранаас шалтгаалж хүн, малын эрүүл мэнд, байгаль орчин хүндэрч, хордсон нөхцөл байдал тогтоогдоогүй гэдгийг нийтэд мэдээлсэн. Мэргэжлийн хүний хувьд Та энэ дүгнэлттэй санал нийлж байна уу?

-Энэ ажлын хэсэгт би ороогүй. 2012 оны сүүлчээр Улаанбадрах суманд нутаглаж байсан Зүүнбаян багийн малчин Д.Норсүрэнгийн 20 тугал гэнэт үхсэн хэрэг гарснаар Н.Алтанхуягийн Засгийн газар 47-р тогтоол гаргаж, судалгаа, шинжилгээний бүхий л байгууллагыг багтаасан томоохон Ажлын хэсэг байгуулахад нь би орж ажилласан. Судалгааны үр дүнд селенийн ужиг хордлогоор тугал үрэгдсэн гэсэн дүн гарсан.

Бид тухайн орчны хөрс, ус төдийгүй үхсэн тугалын дотор гэдсээс дээж авч судалгаа хийсэн. Судалгааныхаа яг нэг хувийг БНСУ руу явуулжбайв. Уг шинжилгээгээр ч селени  ужиг хордлогын хэмжээнд байна гэсэн дүгнэлт ирсэн тул Ажлын хэсгээс селенийн хордлого болсон гэсэн дүгнэлт гарсан.

-Энэ нь ямар шалтгаантай гэсэн үг вэ. Уранаас болоогүй хэрэг үү?

-Дорноговийн тэр хэсэг геологийн их хувиралд орсон. Ураны хүдрийн биет газрын гадаргаас 200 метрийн гүнд байгаа бол түүнээс доош 800-1,000 метрийн гүнд нь Зүүнбаянгийн Цагаан элсний ураны орд гэж бий. Өөрөөр хэлбэл, маш гүний геологийн хувиралд орсноор хоёр төрлийн ашигт малтмал бий болсон байгаа юм. Говь учраас ус багатай, урсгалгүй тогтмол тул давсжилт ихтэй, олон жил хувиралд орохдоо химийн янз бүрийн элементүүд усанд баяжсан байдаг.

Саяын ажлын хэсэгт орж ажиллаагүй учраас сүүлийн дүгнэлтийн талаар сайн мэдэхгүй. Өмнөх Ажлын хэсэгт бол селени ундны усны ихэнх худагт байх ёстой хэмжээнээс их гэсэн үр дүн гарсан. Тэндхийн ураны цацрагийн нөлөө үзүүлэх хэмжээ маш бага. Ундны усны дээд давхарга харьцангуй гайгүй.

Жишээнь, ураны хүдрийн биет байгаа давхаргын усанд уран болон бусад элементийн хэмжээ их байгаа нь ажиглагдсан. Тэгэхээр уран гэхээсээ илүү бусад элементийн хэмжээ баяжсан, эрдэстэй устай буюу байгалийнх нь тогтоц нь тийм байгаа юм.

-”Бадрах Энержи” компани хайгуул судалгаа эхлүүлсэнтэй холбоотойгоор ураны цацрагидэвхт бодисын нөлөөлөл ихсэх үндэслэл бий юу?

-Улаанбадрахад Улаанбаатар гээд бусад газрынхтай харьцуулахад ураны хэмжээ харьцангуй бага байдаг. Яагаад гэхээр газар дээрх боржин чулуунд байсан уран усаар угаагдаад доор хүдэр болоод баяжчихсан байгаа учраас гадаргуу дээр харьцангуй бага. Мэдээж ураны хүдрийн биет байгаа газар газрын гадаргууд ойрхон  цэгүүд мэр сэр байдаг л даа. Тийм цэгүүдийг зарим хөдөлгөөнийхөн цацраг ихтэй байна гэж яриа гаргадаг. Гэтэл тэр нь ураны агуулгатай чулуу л харьцангуй ил гарсан цэгүүд юм. Уран арай илүү агуулсан чулуу гэсэн үг. Гэвч тэр чулууг хүн ч идэхгүй, мал ч идэхгүй. Францын компани хайгуул хийхээс өмнө оросууд тэнд хайгуул хийж, нүх ухсанаас ураны хүдрийн биет ил гарсан цэгүүд л байдаг. Тэрийг аюул гэхэд хэцүү л дээ.

Гэсэн ч ”Бадрах Энержи” компанийг хүн мал хордуулж байна гэж зарим иргэний хөдөлгөөнийхөн үзсээр байна?

-“Бадрах Энержи” гээд компани бол Франц болон Монголын хөрөнгө оруулалттай. Францчууд ирээд манай хамаг ураныг ухаад авчихна гэж яриад байдаг. Гэвч энэ бол гурван улсын гэрээ хэлэлцээртэй, хамтарсан хөрөнгө оруулалттай компани.

Технологи нь бол хамгийн сүүлийн үеийнх. Дэлхий дээр олборлож байгаа ураны тал хувийг газар доор уусгах энэ аргаар олборлож байгаа. Энэ арга сүүлийн жилүүдэд маш өндөр хөгжсөн. Эдийн засгийн хувьд ашигтай, экологийн хувьд харьцангуй цэвэр уг технологиор уран олборлоно. Гэхдээ одоо олборлоогүй байгаа. 

-Тэгвэл уг технологийг ашигласнаар цөмийн хаягдал гарахгүй гэж ойлгож болох уу?

-Тийм. Ямар ч цөмийн хаягдал гарахгүй. Энэ бол нүүрс олборлож байгаа шиг газраа ухаж, гүний усаа шавхдагтай адил арга биш. Газар шороо ч ухахгүй, гүний ус ч гаргахгүй. Яг ураны хүдэр байгаа давхаргын усыг нь эргэлдүүлэх замаар буюу усыг соруулж ирээд, хүхрийн сул хүчлийн уусмал болгон хүдрийн биетэд буцаан оруулж, ураныг сонгож уусгаад, гаргаж ирсэн уранаа давархайд суулгаж авдаг арга. Битүү эргэлтээр ус хэрэглэх боловч ус зарцуулдаггүй харьцангуй цэвэр технологи. Ялангуяа, Улаанбадрахын ураны ордод их тохиромжтой арга. Учир нь манай тэр ураны орд газар доорх усаар уран нь очиж суугаад хүдэр бий болсон бөгөөд доогуураа болон дээд хэсгээрээ шавран давхаргатай. Тиймээс уран нь цаашаа нэвчдэггүй.

-Зургаан хөлтэй ямаа төрсөн гээд олон нийтэд үзүүлж, нэлээд шуугиулсан. Тэр гажиг нь байгалийнхаа өвөрмөц тогтцоос болсон гэж үзэх нь, тийм үү? 

-Асар их хэмжээний цацраг л ургийн гажиг бий болох хэмжээнд нөлөөлөх боломжтой байдаг. Түүнээс биш байгалийнхаа түвшинд буюу Монголын нутагт хэдэн сая жилийн турш байсан тогтцоороо байгаа газрын цацраг генийн нөлөөлөлд оруулах хэмжээний биш.

Ген буюу цус ойртох гэдэг зүйл ургийн хөгжилд нөлөөлнө. Би өөрөө Дундговийн хүн. Манай говьд мал цус ойртох болсон. Говь газар учраас малаа сайжруулах талаар дутагдалтай байдаг байх. Тэгэхээр малынхаа цусыг холдуулах хэрэгтэй байх.

-Цацрагийн хэмжээ асар их байж сая ургийн гажигт нөлөөлнө гэж та хэллээ. Та үүнийг тоогоор илэрхийлэхгүй юу?

-Дэлхий даяар амьд организм тэр чигтээ цацрагийн нөлөөнд амьдарч байгаа. Цацрагийн нөлөөний гурван үндсэн эх үүсвэр байдаг.

  1. Сансрын цацраг. Наран дээр явагдаж буй халуун цөмийн урвалаас ирэх цацрагийн нөлөө наранд ойртох тусам ихэснэ. Тухайлбал, Дорноговь аймаг далайн түвшнээс дээш 760-770 метрийн өндөрлөг буюу Улаанбаатар хотоос хоёр дахин нам дор байрладаг. ТэгэхээрУлаанбаатарынхан сансрын туяаны нөлөөнд илүү өртдөг гэсэн үг.
  2. Агаарт байгаа радон буюу цацраг идэвхт бодисын хэмжээ. Тэр бодис амьсгалаар ороод хүнд дотоод шарлага үүсгэдэг.
  3. Хөрс болон эд зүйлс. Урангүй зүйл гэж байхгүй. Хамгийн гол нь хөрс, барилгын материалын нөлөө.

Манай улс дэлхийн дундажтай л ойролцоо. Дунджаас өндөр гарахад нөлөөлдөг зүйл нь хөрсөнд байгаа цацрагийн хэмжээ өндөр гарах. Жишээ нь, бид барилгын материалд цацраг идэвхтэй элс, хайрга ашиглачихвал байшингийн хананаас цацраг их ялгардаг.

Тухайлбал, ДЦС 3, 4-ийн үнсийг барилгын материалд ашиглахгүй гэсэн дүгнэлт гарсан. Хэрэв баривал цацрагийн хэмжээ ердийнхөөс ихэснэ.

Өөрөөр хэлбэл, бид байнгын цацрагийн нөлөөнд байх ба тэр нь тодорхой хэмжээтэй байдаг. Тунгаар хэмждэг тэр хэмжээнээс олон мянга, сая дахин их болохоороо цацрагийн аюул гэдэг зүйл яригддаг. Тийм хэмжээнд манай ураны хүдэр очоогүй. Жишээлбэл, байгаль дээрх цацрагийн тунгийн чадал нь 0.15 микро зиверт/цаг байдаг баУлаанбадрах суманд ч иймэрхүү байдаг. Түрүүнд оросуудын ухаад гаргасан гэж хэлсэн Улаанбадрах суманд байгаа зарим өндөр зааж байгаа цэгүүд нь ойролцоогоор 1.0 микро зиверт/цаг заадаг.Өөрөөр хэлбэл, зохих хэмжээнээс 5-6 дахин байна гэсэн үг л дээ.Харин цацрагийн тунгийн чадал нь хэдэн мянга, сая дахин их хэмжээнд хүрч байж ослын хэмжээнд яригдана.

-Хэрэв таны хэлж байгаачлан аюулгүй бол тэр баригдчихсан үйлдвэрээ ажиллуулаад эхэлбэл манай улсад хэр ашигтай вэ?

-Манай улсын хувьд нүүрс, уран гэсэн эрчим хүчний хоёр төрлийн нөөцтэй. Нүүрсээ түлж байгаа нь агаарын бохирдол үүсгэж, улмаар улсын хэмжээний асуудал болоод байдаг. Тэгвэл нүүрсэн дотор нөгөө л уран чинь баяжчихсан байдаг. Манай улсын нүүрсний ордууд бүгд ураны ордын ойролцоо байдаг.

Мардай гээд Дорнодын ураны уурхай Адуунчулууны нүүрсний уурхайтай ойрхон байдаг бол Багануурын нүүрсний уурхайн наах нь, Эрдэнэ сумын Жанчивлин рашааны дэргэд ураны орд байгаа. Шивээ овоогийн нүүрсний уурхайгаас цааш Хараатын ураны орд гэж бий. Ийнхүү ойрхон байдаг тул нүүрсэн дээрээ уран нь баяжаад л байж байдаг. Манай цахилгаан станцуудаас гарч байгаа утаанд бидний айгаад байдаг уран агуулагдаж л байдаг. Яг нарийн дээрээ говьд, 200 метрийн гүнд байгаа уранаас Улаанбаатарын агаарт  шууд хаягдаж байгаа уран болон бусад цацраг идэвхт бодис амьсгалаар биед орж байгаа гэдэг утгаараа илүү нөлөөтэй.

Улс орнууд нүүрс шатаадаг 200 жилийн өмнөх технологиос татгалзаад эхэлсэн. Манайх гэтэл шатаагаад л байна. Багануурт нэг тонн нүүрс ухаж авахын тулд 4 тонн шороо овоолж, гүний усыг нь шавхаж байгаа. Дөрөв дахин ашиггүй ажил хийж байгаа гэсэн үг. ДЦС-4 хоногт 70 чингэлэг нүүрс шатааж байгаа юм. Зөөж авчирч  байгаа нүүрснийх нь 15% нь үнс болдог. 45 хувь нь чийг буюу ус. 55% буюу тал нь ашиггүй болж байгаа хэрэг. Гэтэл 1 гр уран 2,8 гаруй тонн нүүрстэй тэнцүү. Хамаагүй ашигтай технологи.

Нөгөө талаар манай улс нүүрсний арвин нөөцтэй гэж ярьдаг ч тэр нь дэлхийн нийт нөөцийн нэг хувь орчимд л байдаг. Харин уранаараа дэлхийн нийт нөөцийн 2% орчмыг эзэлдэг. 

Урд хөрш л гэхэд нүүрс шатаахаа болиод устөрөгчийн технологи руу шилжиж байна. Устөрөгчид уран хамааралтай. Манай улс байгалийн хийгүй тул эцэстээ уснаасаа үйлдвэрлэж таарна. Усаа задлахад цахилгаан хэрэгтэй учир үнэтэй болдог. Манайд байгаа нь нүүрс буюу нүүрстөрөгч устөрөгчийн нэгдэл. Устөрөгчийг ялгаж авна гэсэн үг. Яваандаа байгаа уранаа ашиглаад нүүрсээ боловсруулж, устөрөгчийн эрчим хүч рүү орно гэж харж байна. Хөгжих ийм л зам байна.

-Чухал мэдээлэл өгсөнд баярлалаа.

-Баярлалаа.

 

Сэтгүүлч Г.Оюунсүрэн

Эх сурвалж: Өдрийн сонин