Арван муур тэжээдэг амьтанд хайртай охин

Сүүлийн жилүүдэд монголд байр, орон сууцны айлууд гэртээ нохой, муур зэрэг амьтан тэжээх нь олширчээ.

Ертөнцийн гурван хөөрхөнд нохойн гөлөг багтдаг. Гөлөг дөнгөж нүдээ нээсэн даруйдаа хэн бүхний хайрыг эрхгүй татмаар эгдүүтэй. Энэ үед нь хүүхдээ тоглуулах гээд эсхүл дэмий л өхөөрдөөд худалдаж авах нь олонтаа. Гөлөг өсч томрон  байгалийн жамаараа үржилд орох үеэр гадаа гарах гэж гаслах, үс унаж гуужилт явагдах зэргээр багынхаасаа эрс өөрчлөгдөх үед төвөгтэй л санагдвал өнөө хайрлаж, өхөөрдөж авсан эзэн нь юу ч бодолгүй гудамжинд гаргаад хаячихдаг.

 Эсхүл “Тэжээх боломжгүй болсон тул” гэдэг том шалтгаантай зар тавьж “Утсаар тулна. Пүүзээр солино” гэх. Тэгтэл нохойд эзнээс нь өөр хэн ч байхгүй. Худалдаж авсан эзэн нь тэрний хувьд бүх л амьдрал нь. Ийм харицлагагүй, хайр энэрэлгүй эзэд олон. Гэхдээ саарын хажуугаар сайн эзэн ч бас цөөнгүй. Хэн нэгний гудамжинд гаргаж хаясан хөөрхий нохой, муурыг өрөвдөн гэртээ оруулан асарч, гэр бүлийнхээ нэгэн гишүүн болгон тэжээж буй нэгэн ч байна. Тэр сайхан сэтгэлтнүүдийн нэг бол ХУД-ийн 18 дугаар сургуулийн 10А ангийн сурагч Ё.Ариунзаяа охин. Тэрбээр одоогоор орог зусаг, нохой муур нийлсэн 15 амьтан тэжээдэг аж. Ё.Ариунзаяа охин амьтдад “ухаангүй” хайртай гэнэ.

Тэрээр “Би бусад хүүхдийн адил багадаа олон л зүйлийг мөрөөддөг байлаа. Нэг мөрөөдөл нь амьтан тэжээх байв. Тийм ч учраас “Азтай савар, амьтанд хайртай залуус” ТББ-д нэгдэж, эзэндээ гологдож, эхээсээ өнчирч хаягдсан өрөвдөлтэй амьтдад хүмүүс хэрхэн чин сэтгэлээ зориулан, хандив тусламж цуглуулж харамлахгүй зарцуулж байгааг хараад үнэхээр бахархсан. Бахархаад зогсохгүй бяцхан өрөвдөлтэй амьтдад өөрийн өгч чадах тусламжийг хүргэхийг зорьж, амьтад аврахаар зориг шулуудаж байлаа. Үүнээс хойш, өнгөрсөн хугацаанд нийтдээ 60 гаруй амьтдыг үхэх аюулаас аварчээ” хэмээн ярьсан.

Одоо тэрээр гэртээ арван муур тэжээдэг байна. Тэдний тав нь гудамжинд өнчирч хаягдсан байхад нь олж авчран, гэртээ тэжээж эхэлжээ. Анх тэднийд ирэхдээ маш туранхай бас осгож үхэх шахсан амьтад байсан бол одоо бүгд сэргэлэн, дэггүй том биетэй болж өсч торнисон болохыг эрхгүй бахархан ярих нь хөөрхөн. “Муурын зулзагануудын маань “мөөм ээж” нь миний хайртай хоёр охин муур. Надад өөрийн тэжээдэг гурван том муур байсан юм. Хоёр нь сиам үүлдрийн нэг нь british short hair үүлдрийн охин муур. Хоёр муур маань нялх муужгайнуудыг хөхүүлдэг байсан” гэв.

Аравдугаар ангийн сурагч охин ажилгүй, өөрийн гэсэн санхүүгийн орлогогүй. Арван муурыг гэртээ тэжээнэ гэдэг асар их хариуцлага, багагүй хөдөлмөр шаардагдах нь мэдээж. Аав, ээжийн эсэргүүцэлтэй ч тулгарах нь бий.

Энэ тухай Ё.Ариунзаяа охин “Өөрөө жаахан, өсгөх гэсэн амьтад маань надаас ч нялх. Хөөрхий тэднийг өлсгөхгүйн тулд хоол авч өгөх мөнгөний эрэлд гарна. Хичээлийнхээ хажуугаар цагийн ажил гололгүй хийнэ. Цагийн ажил хийгээд үүрээр гэртээ орж ирээд унтаж амралгүй хичээлдээ явж байсан үе ч надад бий. Сургуулийн сурагч надад ажил олдох нь ховор ч хичээлийнхээ хажуугаар зураг зурж зарна. Бас ах, эгч нарынхаа хүүхдийг харж мөнгө олно. Олсон мөнгөөрөө муур, нохойндоо зориулалтынх нь хоол, элсийг нь авч өгдөг. Анх амьтан тэжээж эхлэхэд хүн бүхэн дургүйцлээ илэрхийлдэг байсан. Аажимдаа бага багаар ойр дотныхон маань амьтдыг аврах, хайрлах гэсэн хүсэл зорилгыг минь хүлээн зөвшөөрч дэмжиж эхэлсэн.Дуртай зүйлээ чин сэтгэлээсээ хийж чадвал бусад хүмүүс дэмжиж эхэлдэг гэдгийг сүүлийн өдрүүдэд мэдрэх болсон шүү” хэмээсэн юм.

Хүүхдийг багаас нь амьтантай ойр өсгөвөл өрөвч, нинжин сэтгэлтэй, бусдыг ойлгож, хайрлаж хүндлэх мэдрэмж өндөртэй болдог гэдэг. Европын оронд энэ жишгээр бараг айл бүр ямар нэгэн тэжээвэр амьтантай байх нь элбэг. Монголчуудын хувьд тэжээвэр амьтанг гэртээ, орон байрандаа тэжээх нь “тэнэглэл” мэт ойлгодог болохоос нохой, муур аль аль нь хайрладаг,  энэрдэг, уучилдаг зүрх сэтгэлтэй амьтад. 

Амьтан тэжээж эхэлснээс хойш миний амьдралд маш олон эерэг өөрчлөлт гарч буйг би мэдэрч байна. Би хамгийн анх шувууны дэгдээхэй тэжээж байсан. Түүнээс хойш зараа, туулай, нохой муур зэрэг амьтан тэжээж байлаа. Би багаасаа нохойд хайртай байсан учраас эгч нараас гадна өвөө маань нохой авчирч өгдөг байсан. Даанч тухайн үед манайд нохой тогтдоггүй, ямар нэгэн шалтгаанаар үхээд өгдөг байсан нь одоо бодоход парвовирус гэгч өвчин байсан юм билээ. Би Жэки нэртэй спиналь үүлдрийн нохойтой байсан. Тэр нохой маань их ухаантай, сайн нохой байсан ч хулгайд алдчихсан. Түүнээс хойш өөрийгөө муу эзэн бодох болсон. Жилийн өмнөөс амьтдад туслахыг зорьж эхлээд байна. Мэдээж одоо бол илүү хариуцлагатай болсон.

“Мөнгөөр худалдаж авч болдог цорын ганц хайр бол нохой” гэж үг бий.  Хэдэн жилийн өмнө Хаски, Голден, Спиналь зэрэг үүлдрийн нохой 500 мянгаас нэг сая төгрөгийн үнээр худалдаалагддаг байв. Тэгтэл өнөөдөр гудамжаар нэг эдгээр үүлдрийн ноход гүйж явна. Тэр дундаа хаски. Угаас хүйтэн туйлын нохой тул дулааны улиралд үс нь ихээр унадаг, чарганы нохой тул байгалиасаа хөдөлгөөнтэй, тайван бус “нөхөр л дөө”. Энэ мэтчилэн асуудлаас болоод нохойгоо гаргаад хаячихдаг нь өнөөдөр золбин ноходын тоог нэмэгдүүлэх гол хүчин зүйл болоод байна. Нийгмийн нэг хэсгийнх нь ийн төөрүүлж хаясан нохойг нөгөө хэсэг нь аварч, энэрэн, хайрлан энхрийлж өгсөж байна.

Ё.Ариунзаяа охин муурнаас гадна гудамжинд орхигдсон нохдыг ч үрчилж авчээ. “Би яг өнөөдрийн байдлаар гэртээ арван муурнаас гадна хоёр нохой, бас орог зусаг нийт 15 амьтан тэжээж байна. Нэг нохойг маань “Харка гэдэг”. Тэр үнэтэй үүлдрийн нохой биш энгийн л нохой. Тэр одоо зургаан настай. Анх өвлийн хүйтэнд хөлдөж үхэх шахсан амьтан гадаа гудамжинд хэвтэж байхад нь гэртээ авчирч тэжээсэн. Одоо бол манай гэр бүлийн хамгийн сайн хамгаалагч. Харин нөгөөх нь өнгөрсөн зун үрчилж авсан Бэни нэртэй эм нохой. Тэр мөн л гөлөгнүүдийн хамт хөдөө, хээр хаягдсан байхад нь олж аваад түр хугацаанд гэртээ байлгаж байсан хүмүүсээс нь үрчилж авсан.

Манай хэд хоорондоо их эвтэй. Нэгнийгээ халамжлахаас эхлээд хайр хүргэм үйлдэл их шүү. Амьтадтай амьдрах хөгжилтэй, тэднээс үргэлж хайр мэдэрдэг. Эзнийхээ сэтгэл санааны байдлыг хүртэл амьтад мэдэрдэг. Намайг гуниглахаар нохой, муурнууд маань хажууд сахиад суучихна. Бүгдээрээ надад “амь” шүү. Би ч бас тэднээс холж чаддаггүй юм. Зун 10 хоног гэрээсээ хол байгаад ирэхэд арван сар хол байсан юм шиг санагдаж билээ. Гэртээ ороод ирэнгүүд нохойнууд маань үсэрч, цовхчоод, муурнууд маань тойрч гүйлээд л их гоё байсан. Амьтан тэжээхээр сэтгэл хөдлөл өндөртэй, өрөвч нинжин болчихдог. Бас хариуцлагатай, аливаад ул суурьтай ханддаг. Тэд ярьж чадахгүй ч нүдээрээ бүхнээ илэрхийлдэг. Тэжээж байсан нохой маань өвчны улмаас үхэхэд бүхнээ алдаж буй мэт мэдрэмж төрж байлаа” хэмээн ярих нь амьтанд дэндүү хайртайг нь илтгэнэ.

Хүн ямар нэгэн хоббитой түүгээр “өвчлөх” сайхан л даа. Ё.Ариунзаяа охин амьтдыг аврах, тэднийг хайрлахад чин сэтгэлээ зориулж, уг үйлдлээрээ нийгэмд бас л нэгэн гэрэл гэгээг татуулж байна. Арван жилийн сурагч охин арван муурыг хамтад нь тэжээж буйдаа огтхон ч төвөгшөөдөггүй нь ярьж буй өгүүлбэр бүрээс нь мэдрэгдэнэ.

“Дөнгөж ахлах ангийн охин арван муур тэжээдэг гэхээр хүмүүс их эерэгээр хүлээж авдаг. Энэ нь надад урам зориг өгч, зөв зүйл хийж байгааг минь мэдрүүлдэг нь сайхан.

Муур нохойг бодвол арчилгаа бага шаарддаг. Тиймээс ч арван муурыг хамтад нь тэжээхэд төвөгтэй санагддагүй. Харин нохой бол хөдөлгөөнтэй, үргэлж салхилах дуртай амьтан. Гэхдээ хамгийн үнэнч амьтан гэдэгтэй би үргэлж санал нийлдэг. Тэр тусмаа хамгийн анхны эзэндээ илүү үнэнч. Тэдэнд таны хэн байх нь огт хамаагүй. Баян эсхүл ядуу байх нь бас л хамаагүй. Тэд эзнээ ямар ч үед хайрладаг. Хүмүүс анх амьтан авахдаа өхөөрдөж зөвхөн тэр төрх байдлаараа үргэлж байх мэт санадаг. Гэтэл цаг хугацааны эрхээр өсч, томрохоор нь “үс нь уналаа, бие заслаа” гэх зэргээр төвөгшөөж эхэлдэг. Би амьтдыг үргэлж “Энэ надтай 10-15 жил, бүр насан туршдаа  хамт байна” гэж боддог. Тиймээс амьтан авах гэж байгаа бол “Та түүний хувьд бүх зүйл нь шүү” гэж хэлмээр байна.

Дэлхий дээр зөвхөн хүн төрөлхтөн амьдрахгүй, амьтан болгон их бага гэлтгүй хайр халамж зовлоно зүдгүүрийг мэдэрдэг болохоор бяцхан зүрхэнд гуниг бүү хураасай гэж амьтад аварч бас амьтдыг чин сэтгэлээсээ хайрлаж байна” хэмээн ярих нь хэвлүүхэн, хэрсүү аж.

Сүүлийн жилүүдэд золбин нохдын тоо нэмэгдэж, “нохой буудагч” гэх шинэ ажлын байр бий болоод байгаа. Нэг хэсэг нь ийн аврах гэж бүхнээ зориулж байхад нөгөө талд буудаж унагаад үнэ тооцуулан цалин авч буй нь утгагүй юм. Эзэд өөрсдөө хариуцлагатай байж, тэжээж чадна гэж өгсөж үржүүлсэн нохойндоо хайртай байх шаардлагатай. Ё.Ариунзаяа охин “Би өөрийн амьтдадаа зовлон амсуулахгүйн тулд үржил хаах мэс заслыг хийлгэсэн. Та ч бас хийлээрэй” хэмээн тэжээвэр амьтантай хүн бүрт үг дайсныг уламжилж байна.

Амьтад аз жаргалтай байг.

Г.Сүрэн