2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль цэнхэртэх үү

Сонгуулиас сонгуулийн хооронд л амьдарч байна даа. 2020 оны дараалсан сонгуулийн араас он гараад Ерөнхийлөгчийн сонгууль үргэлжилнэ.  Энэ сонгуулийн оршил хэдийнэ бичигдэж, удирдатгал  хөгжим нь эгшиглээд эхэлчихсэн.  Нэр дэвшигчдийн  нэр усыг ч хэдийнэ таамаглачихжээ.  Энэ талаархи сүүлийн үеийн мэдээлэл гэвэл МАН-аас С.Батболд нэр дэвшинэ гэх мессэж. Угтаа бол шинэ  сэргэг мэдээлэл ч бас биш. Бүр УИХ-ын сонгуулийн үеэр энэ тухай явган мэдээнүүд хөвөрч байсан юмдаг.

Сү-гийн хувьд  улс төрийн тогоонд багагүй чанагдаж салбарын сайдаас Ерөнхий сайд ын албыг хашиж, УИХ-д хэдэнтээ тухалсан нэгэн юм даг. Ийм хүнд Ерөнхийлөгчийн  сэнтий ойрхон харагдах нь буруу биш.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 2021 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийг нэг удаад 6 жилээр сонгож байхаар хуульчилсан.  Энэ заалт одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгад нэгэн адил хамаарна.  Тиймээс тэр дахин нэр дэвших нь тов тодорхой зүйл. Тэр АН-аасаа  ахин нэр дэвшинэ  гэсэн тооцоогоор  Ардчиллын төлөөх намуудын нэгдсэн платформ байгуулахаар  тун ч шургуу ажиллаж байгаа. Үр дүн нь эхнээсээ мэдрэгдэж, орон нутгийн саяын  сонгуулиар тов тодорхой харагдлаа.

МАН-ын хувьд харин хэн бэ гэдэг нь  одоогоор олон нийтэд  таамаг  төдий байгаа.  Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан гэсэн нэр яригддаг.  Гэхдээ гадна талаас нь харвал хамгийн боломжтой, МАН-ын дараалсан ялалтыг дахин авчрах хүнээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэрлэгдэж байгаа нь тодорхой. Одоогоор түүний нэр хүнд сайн, эрх мэдэл их, ер нь бол хувь улс төрчийнхөө хувьд бяр нь амтагдаж байгаа үе.  Гэсэн хэдий ч түүнд Ерөнхийлөгч болох амбиц бага  байж мэднэ. Ингэх хэд хэдэн шалтгаан бий.  Нэгд, цаг нь болоогүй. Хоёрт, ҮХНӨ-өөр  гүйцэтгэх засаглалын тэргүүний  эрх мэдэл  нь үлэмж нэмэгдсэн, гуравт  ард түмэнд өгсөн амлалтаа гардан хэрэгжүүлж чадвал дараа дараагийн зам нь дардан шулуун болох нигуур буй.  Тиймээс Ерөнхийлөгчийн суудлыг хараалах шалтгаан бага.

МАН-ын “сул хүү” хэн байх вэ

УИХ-ын сонгуулийн өмнө У.Хүрэлсүх нь Х.Баттулгыг  ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд бүх талаас нь дэмжинэ гэсэн тохирооны тухай яриа явдаг. Хэрэв энэ үнэн бол  Х.Баттулгад  өрсөлдөгчөөр нь  МАН-аас  “сул  хүү”  хаяж өгнө гэсэн үг.  Тэр нь харин хэн байх вэ гэдэгт л  оньсого бий.  Гэхдээ  асуудал ингэж таамаглахаас илүү адармаатай.

Өргөн утгаараа бол “сул  хүү” гэж хаана ч байхгүй. Учир нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг  хоёр хүний тохиролцоогоор бус,  намын  хамт олны шийдвэрээр тодруулна. Тэгэхээр Ерөнхийлөгчид нэр дэвшигч  нь  юуны урьд нам дотроо нэр нөлөөтэй, дэмжлэг авах  нэгэн байх ёстой.  Нөгөө талаасаа язгуур зорилго болсон ялах итгэл магадлалыг хангаж чадахуйц  үнэ цэнэтэй байх учиртай.

Энэ талаас нь харвал  У.Хүрэлсүхийг эс тооцвол  МАН-аас  Сү.Батболд хамгийн боломжит хувилбар байж болох юм. Түүний фракци одоо хүртэл хүчтэй хэвээрээ байгаа,  улс төрд ус тосыг  нь тааруулж сурсан туршлага гээд олон давуу тал түүнд байж мэднэ.

Ц.Элбэгдоржийг  эх орон хэзээ “дуудах вэ”

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр сэрүүн зүүдэлж яваа хүний нэг нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж  мөнөөс мөн болж таарав. Тэрбээр саяхан АН-ын гишүүнчлэлээ сэргээж, 25 сувгаар “Ам нээж” , ер нь л улс төрийн идэвхээ илт сэргээлээ.  “Эх орон дуудвал босоод очиход бэлэн” гэдгээ ч илэрхийлэв.   Энэ ч их утга учиртай үг. Угтаа бол Ерөнхийлөгчид  өрсөлдөнө гэсэн санаагаа ийнхүү илэрхилсэн хэрэг биз.

Хоноц хоноцдоо дургүй гэдэг шиг  экс Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай таарамжгүй, ам нээвэл  үг яриа нь аяндаа түүний эсрэг  чиглэдэг болчихсон. Тэр ч утгаараа 2021 оны сонгуулийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэдгээ болзол маягтайгаар  сануулж байсан нь бий.  Гэхдээ тэрбээр ихэнх иргэдийн хувьд  уйдаж залхсан  улс төрийн фигур. Улстөрийн өндөрлөгөөс  уран цэцэн ярихыг нь иргэд хүсэхгүй, бас таашаахгүй.  Тийм болхоор Ц.Элбэгдоржийг  эх орон дахиад дуудна гэдэг эргэлзээтэй.

Зүгээр л улс төрийн өш хонзон, эль эсвэл өөр учир шалтгааны улмаас 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Батттулгын саналыг хуваалцах,  том утгаараа  “дайсны цэрэг”-ээ улс төрийн эрх мэдлээс холдуулах зорилгоор л  нэр дэвшин өрсөлдөж мэдэх юм.

Хэрэв өнөөгийн улс төрийн хандлага, олон нийтийн санаа бодлыг харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны  сонгуулийн зураглалыг тодруулна гэвэл цэнхэр өнгө л  илүү тод харагдах магадлалтай. Тэр нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга.

Д.Гэрэл