Нийслэлд Сovid-19-ийн 42 тохиолдол өчигдөр /2021.03.03/ шинээр батлагдаж, нийт батлагдсан тохиолдол 2229 болов. Одоогийн байдлаар халдварын 20 голомт идэвхтэй байна. Улаанбаатарт өчигдөр батлагдсан 42 тохиолдлын 20 нь буяны ажлын голомттой холбоотой байжээ. Мөн Увс аймгаас хоёрдугаар сарын 25-нд ирсэн хүн халдвартай нь тогтоогдсон. Тухайн хүн буяны ажилд оролцохоор ирсэн байсан аж. Завхан аймагт хоёр тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 11 хүнийг тусгаарлалтад авчээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгальмаа хэлэхдээ “Завхан аймагт хоёр тохиолдол батлагдсан. Нэг нь Улаанбаатараас хоёрдугаар сарын 26-нд гарч, 27-нд орон нутагтаа очсон. Тухайн хүн нийслэлээс гарахдаа батлагдсан тохиолдлын ойрын хавьтал гэдгээ мэдээгүй байсан. Гэтэл тухайн хүнийг хотоос гарсны дараа хамаатны хүнээс Сovid-19 илэрсэн тул бид тандалт судалгаагаар тухайн хүнийг тогтоож, орон нутагтаа очиход нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан. Тухайн хүнтэй ойрын хавьтал болсон 11 хүнийг тусгаарлаад байна” гэлээ.