Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнхийн ач охин Японы волейболын дээд лигийн легионер тоглогч болжээ. Түүнийг Гантогтохыэ Хандсүрэн гэдэг. “Тэнүүн-Огоо” спорт клубын тамирчин тэрбээр өдгөө Япон улсад амьдардаг. Г.Хандсүрэн 2018 оноос хойш “Хасу CUP”, “Тэнүүн Огоо CUP”, Волейболын холбооны цом, Үндэсний дээд лиг гэх мэт томоохон тэмцээнүүдэд медальт байранд орсон байна. Мөн Японы оюутны дээд лигийн хошой мөнгө, “Бүх Японы аварга” тэмцээний дөрөвдүгээр байранд багаараа шалгарч байжээ.
Тамирчин бүсгүй өөрийн фэйсбүүк хуудастаа “Мэргэжлийн тамирчин” гэх нэрийг нэр төртэйгээр зүүх үнэхээр гайхалтай сайхан байна. Энэхүү спортод хөтлөн оруулсан С.Гансүх, Д.Солонго багш нартаа тусгайлан баярласан талархсанаа илэрхийлье” гэж бичжээ.
Тэрбээр 2020 оны арванхоёрдугаар сард “International Transfer Certificate” авсан бол өнөөдөр (2021.04.01) албан ёсоор Японы Дээд лигийн легионер тоглогчдын нэг болсон байна. Монголын ирээдүйтэй залуу тамирчин Г.Хандсүрэн волейболын спортоор эрчимтэй хичээллэж эхлээд найман жил болж буй бөгөөд Японд долоон жилийн системтэй бэлтгэл сургуулилалт хийжээ.