Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийг түүний өмгөөлөгч Э.Ганхөлөг, Б.Амарбаяр, Б.Гүнбилэг, Г.Мөнхболд нарын хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу хэлэлцлээ. Д.Дамба-Очир улс төрд нөлөө бүхий төрийн өндөр албан тушаалаа ашиглан ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий хүмүүсийн эзэмшдэг “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр авахад нөлөөлсөн хэрэгт холбогдсон билээ. 2018 оноос хойш хэргийг шалгах явцад мөрдөн байцаалтад ч саад учруулж байв.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны наймдугаар сарын 19-нд УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийг хэлэлцээд гэм буруутай гэж дүгнэн, гурван жил зургаан сар хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хассан юм. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны аравдугаар сарын 29-нд хэлэлцэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн. Ингэснээр Д.Дамба-Очирыг хорих ангид хуваарилж ШШГЕГ-ын харьяа Амгалан дахь 421 дүгээр ангид шилжүүлсэн байдаг.
Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх бүрэлдэхүүн Д.Дамба-Очирт холбогдох 10 хавтас хэргийг шүүгч Б.Амарбаясгалангийн илтгэснээр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээлээ.