Хэрэг хийсэн офицеруудыг чанга, цэргийг зөөлөн шийтгэе

Цэрэг гэж хэн бэ. Маш энгийнээр тангараг өргөсөн алба хаагч. Тэр захирах бус захирагдах дэгтэй. Түүний дээр салаан захирагчаас эхлээд ангийн дарга хүртэл олон удирдлага бий. Бүгдэд нь ёсолж, захирагдах учиртай. Өөрөөр хэлбэл цэрэг эрх мэдэлгүй үүрэг гүйцэтгэгч. Тэр бүхнийг тушаалаар гүйцэтгэдэг. Тэгвэл офицер гэж хэн бэ. Нэг үгээр хэлбэл дарга. Дэслэгч эсвэл хурандаа цолноос үл хамаараад тэр цэргийг захирах, тушаал өгөх эрх мэдэлтэй. Гэхдээ цэргийг дэглэх, зодох, амь насыг нь хөнөөх эрх мэдэл бол байхгүй, хэн ч офицерт тийм дархан эрх өгөөгүй. Тэгвэл яагаад олон олон аавын хүү офицеруудын гарт эрэмдэг зэрэмдэг болж, бүр амь насаа алдаад байгаа юм бэ.

2017-2020 оны I улирлын байдлаар цэргийн албан хаагч хохирсон 37 хэрэг бүртгэгдсэнийг ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир хэлж байна. Үүний 16 тохиолдол нь цэрэг нас барсан. Эндээс 3 нь хүнийг санаатайгаар алсан гэмт хэрэг. Өнөө л цэргийг үхдэл нь зодсон хэргүүд гэсэн үг. Цэргийн албан хаагч гэмтсэн 21 тохиолдол, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан 8, дарга захирагч нь хүч хэрэглэсэн 6 хэрэг бүртгэгджээ. Үүнээс 15 хэрэгт нь прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Мөн хуулийн байгууллагад хэд хэдэн хэрэг ажиллагаанд шалгагдаж буй.

ЗХЖШ-ын дарга Б.Ганзоригийн мэдээлж байгаагаар цэргийн амь насыг хөнөөсөн дарга нар 5 сараас 5 жилийн ял авчээ. Тэд одоо ялаа эдэлж байгаа гэнэ.

Тэгэхээр эхлээд дарга нарын хэргийг шийдье. Шийдэх шийдэхдээ тэдэнд хатуу ял оноож, үүрэг хариуцлагыг нь ухамсарлуулъя. Говь-Алтай аймагт гарсан цэргүүд харуулын даргаа хөнөөсөн хэрэг бол дараагийн ээлжийнх. Өмнө нь цэргийг зодсон, эрэмдэг зэрэмдэг болгосон, амь насыг нь хөнөөсөн өчнөөн хэргүүд бий. Мэдээж хүний амь нас харамсалтай, гэхдээ эхний асуулт, яагаад даргаа хөнөөх болов? Даргаа дарамталдаг цэрэг гэж байхгүй. Харин дарга нь цэргээ хүчирхийлдэг арми бий болсон нь бодит үнэн. Хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлсэн ч юм билүү. Тэд биеэ хамгаалсан байж болно, аргагүй байдалд орсон байхыг үгүйсгэх аргагүй. Хүний амь хөнөөсөн хэргийн ялаас мултрахгүй нь мэдээж. Гэхдээ цэрэг яагаад даргаа хөнөөх болов, юунаас үүдэв гэдэг нь хамгийн чухал асуулт.

Цэргийг зоддог, дэглэдэг, амь насыг нь хөнөөдөг хэргүүд тасрахгүй, байнга давтагдсаар байгаа нь хэрэг үйлдсэн офицеруудын ял шийтгэл хөнгөн байгаатай холбоотой. Эх орны амгалан байдлыг хамгаалах онцгой үүрэгтэй газарт хүний амь нас хөнөөсөн даргад оноож буй хэдхэн сар, жилийн ял бусдад нь сургамж болохгүй байна. Тэгэхээр  хэрэг хийсэн дарга нарт оноох ялыг чангатгая. Ингэж байж дарга нарын хүчирхийлэлд цэг тавих боломжтой. Өөрийнх нь бүрэн захиргаанд байгаа биеэ хамгаалах ч боломжгүй бүр эрхгүй цэргийг зодож, тамласан, алсан хүн хатуу шийтгэл үүрэх нь зүй ёсны хэрэг.

Цэргийг хатуу гараар барих ёстой, дэглэх шаардлагатай гэсэн угжирсан тогтолцооноос Монголын арми салах цаг нь болсон. Цэрэгт байх л асуудал гэсэн хэнэггүйтэл өөрийн биш гэхэд өрөөлийн хүүгийн амь насыг хөнөөж байна. Дарга, цэргийн сэтгэлгээ хандлагыг өөрчилж, хариуцлагыг шат  шатандаа тооцох хэрэгтэй. Дарга нь цэргээ алах, цэрэг нь даргаа хөнөөхөөс урьдаж, сэтгэлгээ хандлагын өөрчлөлт хийх ёстой. Дахин дахин давтагдах гашуун түүх нэг өдөр Монголын армийг эзэнгүйтүүлж, цол зэрэгтээ эрдсэн хэдэн хурандаагаас өөрцгүй болох вий. Эцэг эхчүүд хүүгээ цэрэгт явуулахаас айж байна.

 

В.Бат