Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Уг хуралдаанаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг чөлөөлнө гэх мэдээлэл цацагдаж байгаа. Түүнийг чөлөөлөх болсон нь албаны автомашин ашиглан шоудсан үндэслэлээр ёс зүйн хариуцлага хүлээлгэхээр болсон гэгдэж буй юм.
Хуулиараа дэд сайд нарыг Засгийн газрын хуралдаанаас томилж, чөлөөлдөг. Түүнийг өнгөрсөн оны долдугаар сард Гадаад харилцааны дэд сайдаар томилсон юм. Монгол Улсын их сургууль, Оксфордын их сургуулийг төгссөн түүнийг дэд сайдаар томилогдоход салбараа мэдэх хүн гэж тодорхойлж байв.
Тэрбээр Гадаад харилцааны дэд сайдаар томилогдохын өмнө Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн гадаад бодлогын зөвлөх, түүнээс өмнө Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт мэргэжилтэн, мөн яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт атташе, Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга, МАН -ын Гадаад харилцааны албаны дарга зэрэг албыг хашиж байсан юм.