Цогоо маань их өөдрөг, бүр хүүхэд шиг цайлган сэтгэлтэй, хэзээ ч хэнд ч хамаагүй бүр чин сэтгэлээсээ тусална, туслахад ч үргэлж бэлэн явдаг найрсаг нэгэн. Ая зохионо, дуулна, зурна, кино клипний эвлүүлэг график хийнэ, залуу уран бүтээлчдэд зөвлөгөө өгнө, студид дууны бичлэг хийнэ, ханьдаа хүүдээ цагаа зориулна, сайхан хоол хийнэ, гоё фото авна гээд бүр чадахгүй зүйл үгүй. 90-ээд оны эхэн үеийн бүжиг, дууны уралдааны эзэн, бүр анхны Гоёл наадмын загвар өмсөгчийн нэг, Пхеньяны ДЗО-ны их наадамд оролцох гээд хамтлаг байгуулж Beatles-ийн дуунууд дуулаад барууны стилийн дуу хэмээн хасагдсан ч удахгүй анхны хамтлагаа байгуулж дуунуудаа төрүүлж эхэлсэн гээд сайхан дурсамжууд түүнийх. Цогоо орос хэлэндээ сайн, олон ч орос дууг гоё дуулдаг байсан. Гжельд бичсэн нэг жилийн нэвтрүүлэгт маань нэг их гоё шар пиджак өмсөөд, кепка малгай духдуулчихсан,
Звенели колеса, летели вагоны
Гармошечка пела вперед..
гээд л, Расторгуевийн “Дорога” дууг дуулахад элчингийн оросууд ямар гоё дуулав аа гээд л бөөн алга ташилт сайхан хүлээж авч байж билээ. Би дунд сургуульд байхдаа “Хүүхэд нас” дууг нь анх сонсож байв, мань эр Пионерийн үнэн сонин дээрээс Тэргэлийн “Хүүхэд нас” гээд шүлэг аваад, ая хийгээд дуулчихсан нь бидний үеийнхний хамгийн дуртай хит дууны нэг болчихсон.
Чихэр горьдож айл хэсдэг нас минь
Чимээгүйхэн надаас холдсон
Хонхны хооронд дэгдэн харайсан
Хонгор нас минь надаас зугтсан
Хүүхэд нас минь, балчирхан нас минь… гээд л одоо ч бүтнээр нь бүгд мэднэ дээ. Энэ хөнгөхөн гэгээхэн хэмнэлтэй дууны араас “Эрлийз охин”, “Агшин” киноны дууг дуулаад бүр ч шуугиулж байв, “Жирийн монгол охин”-ыг мэдэхгүй хүн үгүй. Цаашлаад Шигтгээ, Хөх тэнгэр, Элькондор гээд л уран бүтээлээ тасралтгүй хийж, 30-аад жил өнөөдрийг хүртэл орчин үеийн хөгжмийн урлагийнхантайгаа чин сэтгэлээсээ найзалж нөхөрлөж, үргэлж л урлагт бүхнээ зориулсаар ирсэн юм. Цогоогийн маань аав мундаг зураач хүн бий, харин ээжий нь Төрийн соёрхолт багийн гишүүн, эрдэмтэн хүн байсан юм, ээждээ их амь байсан. Олон жил хамтдаа ажилласан Molly Damdin найз минь түүний хайртай хань нь. Цогоо маань бидний ажлыг хамгаас илүү сайн ойлгож дэмждэг байжээ..
Найзынхаа сайхан ханьд зориулж сэтгэлдээ ойрхон дурсамжаасаа хэсэгхэнг л бичлээ.
Урлагт чинхүү хайртай эрхэм найз минь,
Ээж аав, эх дэлхийгээс харамгүй заяасан авьяас, зүрх сэтгэлээсээ урласан эгшиг сайхан дуунууд тань мөнх настай шүү.
Он цагийг өртөөлөн мөнхөд эгшиглэнээ …
Эх дэлхийдээ тайван нойрсоорой…