Ц.Мөнхбаатар: С.Амарсайхан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг албан тушаалаа ашиглан шийдчихсэн гэдэг нь гүтгэлэг

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангийн нэн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан мэдээлэл нийгмийн сүлжээнд нийтлэгдэж, олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Тэгвэл энэ асуудлаар Шадар сайдын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Ц.Мөнхбаатар нийгмийн сүлжээнд дараах тайлбарыг оруулсан байна.

“Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Тimes Higher Education World University Rankings” жагсаалтын эхний 20 сургуульд тэнцсэн суралцагч мэргэжлийн чиглэл харгалзахгүйгээр, 21-100 жагсалтанд багтах Их сургуульд тэнцсэн суралцагч Засгийн газраас тогтоосон тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцах бол сургалтын зээлд хамрагдах хүсэлт гаргах эрхтэй байдаг.
Энэ дагуу БШУЯ, холбогдох байгууллагаас томилогдсон комисс иргэдийн хүсэлтийг харгалзан сонгон шалгаруулж сургалтын зээл олгодог журамтай аж. Гадаад хэлний өндөр мэдлэгтэй, сурлага сайтай, Дэлхийн шилдэг 100 их сургуулийн шаардлага хангаж тэнцсэн хэн бүхэнд энэ журам нээлттэй.

Шадар сайдын хүү А.Эрдэнэхүслэн дэлхийн шилдэг 100 сургуульд багтах Их Британи улсын Бристолын Их сургуулийн шалгуур үзүүлэлтүүдийг ханган, мэдлэг чадвараараа тэнцэж БШУЯ-ны Боловсролын зээлийн сангийн шалгаруулах комиссын болзол шалгуурыг 2020 оны 8 сард хангаж, боловсролын зээлд хамрагдсан.

Боловсролын зээлийн сан 2020 оны санхүүжилтгүйн улмаас 2021 оны 2 сард сургалтын төлбөрийг сургууль руу нь шилжүүлснийг аанай л манай зарим сэтгүүлчид өлгөн авч, С.Амарсайхан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг албан тушаалаа ашиглан шийдчихсэн мэт гүтгэлэг мэдээлэл тарааж эхэллээ.

Дашрамд дурьдахад энэ асуудал шинэ асуудал биш бөгөөд 2020 оны орон нутгийн сонгуулийн өмнө иргэдийн гомдлын дагуу АТГ-аас шалгаад, үүнд УИХ-ын гишүүн С.Амарсайханы оролцоо дэмжлэг, нөлөөлөл байгаагүй, хүүхэд нь давуу эрх эдлээгүй, зохих журмын дагуу боловсролын байгууллагаас тавьж буй шаардлагад тэнцэж, зээлийн санд хамрагдсан байна гэдгийг нэгэнт тогтоочихсон.

Гэтэл үүнийг өнөөдөр шинэ зүйл мэт мэдээлэн, УОК-ын даргын үйл хэргийг буруутгах, түүнийг харлуулах арга зам болгохоор улайрч байгаа нь харамсалтай.

Энэ тухай асуусан сэтгүүлчийн асуултанд “Тиймээ, энэ үнэн, Шадар сайдын хүүхэд гэхээрээ мэдлэг чадвараа бодитой үнэлүүлэн, болзол шаардлагыг нь хангаад төрөөс олгож байгаа зээл тэтгэлэгт хамрагдаж болдоггүй юмуу” гэж хариулсан.

Дэлхийн шилдэг сургуульд тэнцэхийн тулд хүүхэд өөрөө хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн, олон жил шаргуу хөдөлмөрлөж, өөрийгөө сорьж, ялж тэнцдэг.

Харин ч аав нь дарга гэж дулдуйдахгүйгээр нэг ч гэсэн монгол хүү дэлхийн шилдэг их сургуульд өөрийн мэдлэг чадвараараа үнэлэгдэн тэнцэж, үүнийг нь төрөөс дэмжин эргэн төлөгдөх нөхцөлтэй сургалтын зээлд хамруулсан асуудалд бид талархдаггүй юм гэхэд улстөржүүлж, эцэгтэй нь холбон харлуулахаа болих хэрэгтэй” хэмээн бичжээ.