НДШ-ийн нэмэгдлийг эсэргүүцсэн саналыг УИХ-д хүргүүлжээ

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны /МҮЭХ/ гишүүн байгууллагууд нэгдэж нийгмийн даатгалын  шимтгэлийн нэмэгдлийг эсэргүүцсэн цахим цуглааныг өнөөдөр /2021.04.30/  зохион байгууллаа. Улмаар  үйлдвэрчний эвлэлийн гишүүн байгууллагууд нэгдэн 13 заалт бүхий санал шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлж буйгаа илэрхийллээ.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.АМГАЛАНБААТАР: 

-Хөл хорионы үед иргэд хөдөлмөрчдийн ихэнх нь ажилгүй, орлогогүй гэртээ байгаа. Гэтэл бага хэмжээгээр авч байгаа цалингаас нь 2021 нэгдүгээр сарын 1-нээс НДШ-ийг нь хоёр хувиар нэмэгдүүлсэн шийдвэр нь дэндүү хүнд байна. Аливаа асуудлыг хамтын гэрээ хэлэлцээрээр шийдэхийг хүсч байна. Хоёрдугаар сарын 25-нд гурван талт хороо хуралдаж НДШ-ыг нэмэгдүүлсэн шийдвэрийг цуцлах ажлын хэсгийг байгуулсан. Үүнээс хойш хоёр сар өнгөрсөн байна. Ажлын хэсэг шийдвэрийг эцэслэн гаргаагүй байгаа. Үйлдвэрчний эвлэлд эрх ашгаа хамгаалуулахаар нэгдсэн 450 гаруй мянган гишүүд цахимаар тэмцсээр байгаа. Цар тахлын энэ хүнд үед Засгийн газар НДШ-ийг нэмэгдүүлсэн шийдвэрээ цуцалж, холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардаж байна.

Шаардлагын тухайд:

  1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэх бодлогын арга хэмжээ авах,
  2. Ажлын байрыг хадгалах хамгаалах, цалин орлогыг бууруулахгүй байх нийгмийн хамгааллын шаардлагатай дэмжлэг хөнгөлөлтийг үзүүлэх,
  3. Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг нэмэгдүүлсэн шийдвэрээ  тавдугаар сарын 8-ны дотор цуцалж, холбогдох хуульд яаралтай нэмэлт өөрчлөлт оруулах,
  4. Нийгмийн даатгалын тогтолцоо, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг яаралтай эхлүүлэх,
  5. Үндэсний баялгийн сангаас тэтгэврийн санг дэмжих тухай хууль, эрх зүйн орчинг яаралтай бүрдүүлэх,
  6. Бараа бүтээгдэхүүний хууль бус үнийн өсөлтийг бий болгохгүй байх иргэдийн цалин орлогын худалдан авах чадварыг хамгаалах,
  7. Онцгой нөхцөлд ажиллаж буй салбарын ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн нөхцөлийн чиглэлээрээ тодорхой дэмжлэгийн арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх
  8. Банкны зээлийн хүүг бууруулах, бодлогын хүүг хойшлуулах төлбөрийг чадварыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх,
  9. Жижиг дунд бизнес эрхлэгчид, албан бус хөдөлмөр эрхлэгчдэд санхүү татварын хөнгөлөлт үзүүлэх,
  10. Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих,
  11. Хямралын энэхүү хүндрэлтэй цаг үед аливаа татвар шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх,
  12. КОВИД-19 цар тахлын үед хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд учруулж буй сөрөг нөлөөллийг арилгах, чиглэлээр авах арга хэмжээний тусгайлсан хөтөлбөр боловсруулж тогтвортой урт хугацаанд хэрэгжүүлэх,
  13. Цар тахлын хугацаанд эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтыг хэрэгжүүлж, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх.