Ихэнх нутгаар хүчтэй цасан болон шороон шуургатай

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр тавдугаар сарын 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Түүнчлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хот хоорондын болон орон нутгийн замд хязгаарлалт тогтоосонтой холбогдуулан иргэд баталгаагүй замаар зорчиж, эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол гарч байгаа юм.

Иймд:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

-Шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

-Баталгаагүй замаар болон гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй, тээвэр хийхгүй байх,

Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй, хараа хяналтгүй үлдээхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.