Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн нутагт Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд 45 зорчигчтой явж байсан “Дэлгэрэх хүнс” компанийн автобус осолдож газар дээрээ хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг энэ оны нэгдүгээр сарын 8-нд гарсан билээ. Тухайн үед автобусанд зорчиж яваад нас барсан иргэдийн ар гэр болон, гэмтэж бэртсэн зорчигчдын төлөөлөл уг хэргийг шалгах ажил удааширч, хэргийг хариуцах эзэнгүй болж байгаа талаар мэдээлэл хийлээ. Ослын улмаас хоёр хүн нас барсан боловч хүнд гэмтэн эмчлүүлж байсан нэг зорчигч өнгөрсөн гуравдугаар сард нас барсан байна.
Гэмтлийн зэргийг хүндэвтэр гэж тогтоосон боловч удаан хугацаанд хэвтрийн дэглэм сахиж байсан иргэн “Тэр автобусанд явж байсан зорчигчдын тал хувь нь хүнд гэмтсэн. Би хүндэвтэр гэмтсэн ч олон сар эхнэрээрээ асруулж хэвтэрт байлаа. Энэ хугацаанд тус компанийн зүгээс бидний биеийг ганц ч удаа асуусангүй.
Компанийн зүгээс мөнгөн тусламж үзүүлсэн гэдэг ч тус компанийн жолооч нар нас барсан ээлжийн жолоочийн ар гэрт туслахаар цуглуулсан хандивыг бидэнд хувааж өгсөн юм билээ.
Түүнээс биш Дэлгэрэх хүнс компани өөрийн хөрөнгөөс нэг ч хүний эмчилгээний зардалд нэмэрлээгүй. Харин даатгалын компаниас тодорхой хэмжээний нөхөн төлбөр өгсөн” гэв.
Нас барсан жолоочийн дүү “Ахыг минь насанд хүрээгүй, мэргэжсэн үнэмлэхгүй байсан, жолоочийн хариуцлагын даатгалын хугацаа нь дууссан байсан гэдэг мэдээлэл явж байгаад эмзэглэж байна.
Та бүхэнд харуулах гээд ахынхаа жолооны үнэмлэхийг хүртэл аваад ирлээ. Жолоочийн хариуцлагын даатгалын хугацаа нь сая гуравдугаар сард дууссан.
Авто тээврийн үндэсний төвийн автобусны хувиар гаргадаг Цолмон гэдэг ажилтан нэгдүгээр сарын 5-ны 20:00 цагт Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд хөдлөх автобусны үндсэн жолооч нь Мөнх-Эрдэнэ гэсэн бол ээлжийн жолооч ахын маань оронд Я.Тайван гэдэг хүний нэрийг бичсэн байгаа юм. Ахын маань нэр Бат-Эрдэнэ.
Гэтэл яг энэ хугацаанд өөр чиглэлд үндсэн жолооч Я.Тайван гэдэг хүний нэр бичигдсэн байсан. Энэ мэт хариуцлагагүй байдлаас болж олон хүн хохироч байна. Бидний зүгээс АТҮТ болон Дэлгэрэх хүнс компанид үнэхээр гомдолтой байгаа” гэв.
Мөн тус автобусанд зорчиж яваад хүнд гэмтсэн нэгэн эмэгтэй “Хууль, шүүхийн байгууллага шударга ажилладаг юм бол Авто тээврийн үндэсний төв болон Дэлгэрэх хүнс компанид хариуцлага тооцож өгөөч гэж хүсч байна. Дэлгэрэх хүнс компанийн захирал Жаргал гэдэг хүн байдаг. Тэр хүнтэй холбогдох чадахгүй байгаа. Нуруу нь өвдсөн учраас гадагшаа эмчилгээнд явсан гэсэн. Гэтэл бид насан туршдаа эрүүл мэндээрээ хохирчихоод байхад тэр хүн зөвхөн өөрийгөө л бодож байна.
Биднийг эмнэлэгт байхад Дэлгэрэх хүнс компанийн өмгөөлөгч ирээд “Жолоочтой хуйвалдаж, хувиаргүй бичилт хийж урагш гаргаснаас болж ийм хэрэг гарлаа” гэж байсан” гэлээ.
Гэмтэж бэртсэн зорчигчдын дунд монголд эмчлэх боломжгүй гэсэн хариу сонссон хүн ч байгаа аж.
Тэдний нэг болох эмэгтэй “Би энэ автобусанд зорчиж яваад хамар нүүрээрээ юм мөргөөд, хамрын нүхгүй болсон. Амаараа амьсгалдаг болохоор байнга толгой өвддөг. Хамрын мах шахагдаад нүхгүй болгосон.
Эмнэлэгт хандахад, солонгосоос эмч ирэхээр үзүүл, эсвэл гадагшаа явж үзүүлэхээс өөр аргагүй гэсэн. Энд ирсэн солонгос эмч нарт үзүүлэхэд хугацаа шаардлагатай, одоо эмчлүүлэхэд үр дүнгүй болно гэсэн” гэв.
Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн автобусанд зорчиж явсан иргэдийн ихэнх нь орон нутагт амьдардаг хүмүүс байжээ. Хүнд гэмтэснээс гадна орон нутагт амьдардаг учраас уг хэвлэлийн хуралд оролцож чадаагүй хүмүүс олон байгааг хэлж байв. Мөн цагдаагийн байгууллага ослын шалтгааныг тогтоож, прокурор, шүүхийн байгууллагад хэргийг шилжүүлэхгүй удаашруулж байгааг хэлж байсан юм.