Монголын бичил уурхайн асуудлыг Парист танилцуулжээ

Франц улсын Парис хотноо Эрдэс баялгийн хариуцлагатай нийлүүлэлтийн сүлжээний 13-р форум зохион байгуулагджээ. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй уг форумаар эрдэс баялгийн хариуцлагатай нийлүүлэлтийн сүлжээний магадлан итгэмжлэлийн удирдамжийн хэрэгжилтийн талаар хэлэлцэж нийлүүлэлтийн сүлжээг хариуцлагатай, ил тод болгоход чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулга хийсэн байна. Форумын үеэр Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслөөс “Монгол Улс дахь хариуцлагатай бичил уурхай: Зохион байгуулалт болон Албажуулалт” сэдвийн хүрээнд уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулжээ. 2005 оноос хойш 14 жилийн хугацаанд хэрэгжиж буй Тогтвортой бичил уурхай төсөл 2019 онд дуусч байгаатай холбогдуулан өнгөрсөн хугацаанд хийгдсэн үйл ажиллагаа, хүрсэн үр дүнгийн талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн аж. Хэлэлцүүлэгт Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо, Швейцарын хөгжлийн агентла болон бичил уурхайчдын төлөөлөл оролцож, бичил уурхайн зохион байгуулалт, албажуулалт, хууль эрх зүйн орчин, хүний эрхийн хандлага, талуудын хамтын ажиллагаа, оролцоо, нийлүүлэлтийн сүлжээ зэрэг сэдвээр мэдээлэл хуваалцсан байна. Тус уулзалт хэлэлцүүлэгт 40 орчим төлөөлөгч оролцож, туршлага судалснаар үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагджээ.

Монголын бичил уурхайн асуудлыг Парист танилцуулжээ