Баянгол дүүргээс УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдож буй УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын Оргил худалдааны Энканто салбар нийтийн эзэмшлийн зам талбайг авто зогсоол болгоод хэдэн жилийн нүүр үзэж байна. Энэ талаар өмгөөлөгч А.Базар Нийслэлийн Засаг Дарга, Баянзүрх дүүргийн засаг дарга нарт удаа дараа хандсан боловч хариу өгөөгүй учир Захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг. Гэвч шүүх хурал ковид-19 цар тахлын тархалттай холбоотой болон Оргил худалдааны төвийн хүсэлтээр удаа дараа хойшилсоор өнөөдрийг хүрсэн. Тус газартай холбоотой шүүх хурал маргааш Захиргааны хэргийн шүүхэд болохоор товлогдсон байна.
Мөн энэ асуудлаар гомдол гаргаад буй өмгөөлөгч А.Базарт Нийслэлийн газрын албанаас мөн уг асуудалтай холбоотой гомдлын хариу иржээ. Уг бичигт Оргил худалдааны төв нийтийн эзэмшлийн 584 мкв газрыг зөвшөөрөлгүй авто зогсоол болгосон хэмээн дурьдсан байна.
Уг асуудлыг Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаад цуцалж болно хэмээн газрын тухай хуульд заасан байдаг. Гэвч үе үеийн засаг дарга нар УИХ-ын гишүүний энэ хууль бус үйлдлийг шийдвэрлэхгүй өнөөдрийг хүрчээ.