ОБЕГ: Усанд боогдсон 20 иргэнийг аюулгүй бүсэд зөөвөрлөн, гурван автомашиныг татан гаргажээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Витсамо”-ийн үйлдвэрийн хойно “Улиастайн гол”-д өчигдөр шөнө автомашин живжээ. Машин дотор нь 2 хүүхэд 1 том хүн байсан байна. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах анги-105-ын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиход Баянгол дүүргийн 17 дугаар хорооны харьяат иргэн Г/28 настай, эрэгтэй/ “Улиастайн гол”-ыг “Ланд круйзер-200” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/ гатлахдаа суусан байжээ. Онцгой байдлын албан хаагчид иргэн О/28 настай, эмэгтэй/, Б /6 настай, эмэгтэй/, М/4 настай, эмэгтэй/ нарыг завиар зөөвөрлөн гаргаж, автомашиныг татаж гаргасан байна.

 

Мөн Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Зулзагын голын салаа бэлчир” гэдэг газарт “Зулзагын гол”-д 2 автомашин үерийн усанд боогджээ.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиход иргэн Б-ийн жолоодож явсан “Тоёота Филтер” загварын суудлын автомашин /4 зорчигчтой/, Б-ын жолоодож явсан “Грейсс” загварын бага оврын автобус /11 зорчигчтой/ үерийн усанд боогдсон байжээ. Онцгой байдлын албан хаагчид 17 иргэнийг аюулгүй бүсэд зөөвөрлөн, 2 автомашиныг татан гаргаж, Дархан-Уул аймагт хүргэж ирсэн. байна.

 

Түүнчлэн Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэрэлжийн гол”-д автомашин /1 зорчигчтой/ суусан тухай дуудлагыг 06.10-ны өдрийн 05:43 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид хөдөлгөөн үйлдсэн байна. Иймд иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.