Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг сонссон. Энэ үеэр Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Хунан “Өмнөх Засгийн газрын үед Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд Улсын онцгой комиссын хуралдаанд оролцож байсан.
Харин шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш оролцох боломжгүй болсон. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд хянаж шалгахаас илүү дэмжиж зөвлөх байдлаар Улсын онцгой комиссын хуралдаанд оролцох санал тавьсан. Гэвч хүлээж аваагүй’ хэмээн ярьсан.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн пэйсбүүкээр дамжуулан “Хүний эрхийн үндэсний комисс бол УИХ-ыг төлөөлж Засгийн газар, түүний бүтцийн байгууллага, албан тушаалтнуудын зүгээс хүний үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн, хязгаарласан шийдвэр, үйлдэл гаргаж буй эсэхэд хяналт тавьж байдаг хараат бус бүтэц. Тэднээр хянуулахгүй, оролцуулахгүй айн‘ хэмээн бичсэн байна.
Хүний эрхийн үндэсний комисс Ковидын тухай хууль “Иргэдийн эх орондоо ирэх, чөлөөтэй зорчих, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах’ гэх мэт олон эрхийг зөрчиж байна хэмээн удаа дараа УОК-т хүргүүлсэн байдаг.
Мөн цэргийн ангид ч ковидтой холбоотой дэглэлт байж магадгүй хэмээн улс орон даяар цэргийн ангиудад шалгалт хийж байгаа юм.
Ковидын тухай хууль нь хүний эрхийг зөрчихөөс гадна зарим эрх бүхий хүмүүсийн хамаарал бүхий хүмүүст боломж олгож буй. Уншигч та бүхэн санаж байгаа бол УИХ-ын гишүүн Б.Оюунчимэгийн хүү Ковидын тухай хуулиар НДЕГ-ын, Худалдан авах ажиллагааны газрын даргаар томилогдсон байж байгаад тэр нь ил болж чөлөөлөгдөж байсан. Энэ мэт төрийн албаны шаардлага шалгуур хангахгүй олон хүнийг эрх бүхий албан тушаалтнууд төрийн албанд томилсон талаар Төрийн албанаас мэдээлж буй. Гэвч ковидын хуулиар түрий барьж төрийн албанд орж чадахгүй байгаа олон олон хүний боломжийг хулгайлсаар байгаа билээ.