Экспресс чиглэлийн автобус ирэх даваа гаригаас иргэдэд үйлчилж эхэлнэ

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах, автобусны эргэлтийг богино болгох зорилгоор шинээр гурван экспресс чиглэл нээсэн талаар Нийтийн тээвэр үйлчилгээний газраас  өнөөдөр  мэдээлэл хийлээ.

НТҮГ-ын дарга Х.Булгаа “Нийслэлийн Засаг дарга болон Улаанбаатар хотын ерөнхий менежерийн “Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тухай” 01 тоот, “Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл, хариуцлагыг сайжруулах тухай” 02 тоот албан даалгаврын хүрээнд нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оруулсан. Ирэх даваа гариг буюу тавдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн гурван чиглэлд богино эргэлтээр иргэдэд үйлчилнэ. Экспресс чиглэл нь зөвхөн НТҮГ-аас тогтоосон зогсоолуудад зогсоно. Ингэснээр Таван шараас Зүүн дөрвөн зам хүртэл 10-15 минут зарцуулах боломж бүрдэж байгаа” гэв.

Экспресс автобус нь дараах чиглэлүүдэд үйлчилнэ.

Экспресс 1 чиглэл: “ТАВАН ШАР-ЗҮҮН ДӨРВӨН ЗАМ”

-Энэ чиглэл нь Энхтайваны өргөн чөлөөгөөр Таван шараас Зүүн дөрвөн зам хүртэл үйлчлэх бөгөөд Таван шар, Хархорин, Саппоро, 10 дугаар хороолол, 25 дугаар эмийн сан, Баруун дөрвөн зам, УИД, Сүхбаатарын талбай, Өргөө амаржих газар, Зүүн дөрвөн зам гэсэн 10 зогсоолд зогсоно. Ингэснээр автобусны зогсоолуудын ачааллыг 20 орчим хувиар бууруулах боломжтой.

Экспресс 2 чиглэл: “ТАВАН ШАР-БӨМБӨГӨР-ХӨГЖИМ БҮЖИГ”

–Энэ чиглэл нь Таван шараас хойгуураа буюу Самбуугийн гудамжаар шуурхай үйлчлэх чиглэл бөгөөд Таван шар, 32 дугаар байр, Саппоро, 10 дугаар хороолол, 25 дугаар эмийн сан, Элба дэлгүүр, Бөмбөгөр худалдааны төв, Чингэлтэй дүүрэг, МУИС, Хөгжим бүжгийн коллеж гэсэн 10 зогсоолд үйлчилнэ. Ингэснээр автобусны зогсоолуудын ачааллыг 25 орчим хувиар бууруулах юм байна.

Экспресс 3 чиглэл: “ЗУНЖИН-7 БУУДАЛ-АРД КИНОТЕАТР-ТЭЦ3”

-Энэ нь босоо чиглэлд буюу Зунжин худалдааны төвөөс ТЭЦ-3 хүртэл шуурхай үйлчлэх боломжийг бүрдүүлжээ. Долоон буудал, 17 дугаар сургууль, 32-ын тойрог, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр, Ард кино театр, Баянгол зочид буудал, 120 мянгат, Ажилчдын соёлын ордон, Таван богд компани, ТЭЦ-3 гэсэн 12 зогсоолоос иргэд зорчих юм. Ингэснээр Чингисийн өргөн чөлөөний цэгүүдийн ачаалал 20 орчим хувиар буурах тооцоо гарчээ. Нийт 10 минут орчим хугацаагаар багасна.

Үүнээс гадна нийтийн тээврийн үйлчилгээнд Ч:30 “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр”, Ч:70 “ТЭЦ3-Нарны гүүр– Бөмбөгөр – Ард кино театр”  чиглэлийн өөрчлөлтүүд орсон байна. Мөн маргааш болох “Автомашингүй өдөр”-ийн үеэр иргэдэд троллейбус үйлчлэхгүй бөгөөд нийтийн тээврийн 40 чиглэлийн 344 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орно.