Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотын төвлөрлийг задлах хүрээнд хотын төвөөс нүүлгэх боломжтой томоохон байгууллага, объектуудын судалгааг танилцуулав.
Хотын 111 зах, худалдааны төвд 25.288 худалдаа эрхлэгч үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрийн 57 хувь нь буюу 14.340 худалдаа эрхлэгч “Нарантуул”, “Хархорин” “Бөмбөгөр” худалдааны төв, 100 айл, “Барс” захад ажиллаж байна.
Мөн зах, худалдааны төвүүд нь хотын төвийн гол гудамж, зам дагуу байрладаг нь авто замын хөдөлгөөнд хэт их ачаалал үүсгэдэг. Зах, худалдааны төвүүдийн ажиллаагүй өдрүүдэд ойролцоох уулзваруудаар зорчих тээврийн хэрэгслийн тоог тооцож үзэхэд, 10-15 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Түүнчлэн улсын хэмжээнд 88 их, дээд сургуульд 147.293 оюутан байгаагаас Улаанбаатарт 79 их, дээд сургуульд 141.391 оюутан буюу 96 хувь нь сурч байна. Иймээс Улаанбаатар хотын төвлөрлийг задлах хүрээнд хотын төвөөс нүүлгэх боломжтой томоохон байгууллага, объектуудын судалгааны дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулахаар болов. Мөн ажлын төлөвлөгөө боловсруулах, судалгаанд дурдсан хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдтэй уулзалт зохион байгуулах, цаашид Улаанбаатар хотын төвлөрлийг задлах бодлогын хүрээнд авах арга хэмжээ, шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулахыг Хотын дарга үүрэг болголоо.
Нийслэлийн авто зам, замын байгууламжийн төлөвлөлт, ашиглалтын норм, дүрмийг шинэчлэн зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр Хотын дарга бодлогын бичиг баримтыг боловсруулах хэрэгтэйг онцолсон. Мөн “Нийслэлийн авто замын чиглэл, чиглэлийн нэр, дугаарыг шинэчлэн тогтоох” тухай журмын төслийг боловсруулахыг холбогдох албаныханд даалгав.