Удам зүйн санд бүртгэлтэй, цэвэр үүлдрийн найман тооны овчарк нохойг хилийн 0312 дугаар салбар дахь албаны нохойн хотхонд байрлуулан, сургалт бэлтгэлийг эхлүүлжээ.
Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит хилийн 0101-р ангийн хилчид “Монгол дахь герман хоньч нохой сонирхогчдын холбоо”-той хамтран энэхүү ажлыг эхлүүлсэн байна.
Дээрх нохойнуудаас “Хэрри” дуудлагатай цэвэр үүлдрийн нэг нохой нь үржлийн албан ёсны эрхтэй тул тус холбооноос “Хилчин” үржлийн газар нээх эрх олгон батламжилж, герман хоньч нохойн удмын санг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцлоо.
Цаашид албаны нохойг төрөлжүүлэн бэлтгэх, үүрэг гүйцэтгэх чадварыг нь дээшлүүлэх, хил хамгаалалтад албаны нохой ашиглах боломж нөхцөлийг бүрдүүлнэ гэв.
Мөн “Монгол дахь герман хоньч нохой сонирхогчдын холбоо”-ноос зохион байгуулах тэмцээн, уралдаанд удмын санд бүртгэлтэй цэвэр үүлдрийн нохойнуудыг оролцуулан, үржлийн эрх авч, “Нэг манаа, нэг нохой” уриаг дэвшүүлэн ажиллахаар төлөвлөж байгаа аж.