Манай сайтад иргэн Ч. Анхчимэг /нэрийг нь өөрийнх нь хүсэлтээр өөрчлөв/ хандлаа. Тухайн иргэн СХД-т оршин суудаг байна. Тэрээр СХД-ын “Болор’ цэцэрлэг бүртгүүлээгүй хүүхдийг бүртгэсэн байсан талаар болон тухайн гэр бүлийн гишүүдийн нууцын зэрэглэлтэй материалууд гараас гар дамжин явж байгаад харамсч байна гэв.
-Та яагаад манай сайтад хандах болов?
-Манай охин цэцэрлэгт хамрагдаж чадахгүй таван нас хүрээд энэ жил улсын цэцэрлэгт хамрагдсан. Гэтэл өчигдөр манай охины цэцэрлэгээс танай охин өөр хувийн цэцэрлэгт бүртгэлтэй байна. Тухайн цэцэрлэгээс хасалт хийлгэ гэсэн. Би гайхаж хаана ямар цэцэрлэгт бүртгэлтэй байгаа талаар тодруулахад СХД-т байрладаг Болор/эрдэнэ цэцэрлэгт/-т бүртгэлтэй гарч ирсэн. Тухайн цэцэрлэгтэй холбогдоод яагаад манай хүүхэд бүртгэлтэй байгаа талаар тодруулахад хасчихвал болно биздээ гээд утсаа тасалсан.
-Танай эцэг, эх, ах дүү хамаатан саднаас бүртгүүлсэн юм биш биздээ?
-Тийм юм байхгүй. Учир нь хувийн цэцэрлэг өндөр төлбөртэй гээд бүртгүүлж байгаагүй. Тийм учраас улсын цэцэрлэгт хамрагдахаар жил бүр сугалаанд оролцдог боловч тэнцээгүй гэсэн хариу авдаг байсан. Ирэх жил сургуульд орох учраас энэ жил зайлшгүй цэцэрлэгт хамрагдаж байгаа. Таван нас хүртэлээ гэртээ байсан л даа.
-Тэгвэл тухайн цэцэрлэгээс хасалт хийлгэчихвэл болох юм байна тиймүү?
-Цэцэрлэгт бүртгэхдээ аав, ээж, хүүхдийн иргэний үнэмлэх, гэрчилгээгээр нь бүртгэгдэж баталгаажуулдаг. Тус цэцэрлэг бидний нууцын зэрэглэлтэй материалыг хаанаас олж авч бүртгэснийг нь л ойлгохгүй байна. Бидний нууцын зэрэглэлтэй материалууд ингээд гараас гар дамжаад явж болдог юм уу. Мөн хувийн цэцэрлэгүүд хүүхдүүдийг ингэж бүртгээд улсаас хувьсах зардал авдаг байх гэсэн хардлага ч байна. Хувийн цэцэрлэгүүд улсаас хувьсах зардал гэж аваад төлбөр мөнгө нь хямдардаг юм бол хүүхдээ хамруулаад явах байсан. Ийм боломж байдгийг сая л мэдлээ.
“БОЛОР’ цэцэрлэгийн эрхлэгч н.Дожил: Энэ хүүхдийг хэн хэзээ бүртгүүлсэн талаарх мэдээлэл өгөх боломжгүй
Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс СХД-ийн Болор цэцэрлэгийн эрхлэгч н. Дожилтой 9917..75 дугаарын утсаар холбогдож дараах мэдээллийг авлаа.
-Сайн байна уу. Иргэний гомдолын дагуу холбогдож байнаа. Иргэн Ч.Анхчимэг танай цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлээгүй юм байна. Гэтэл танай цэцэрлэг хаанаас тухайн иргэд, хүүхдийн мэдээллийг авч бүртгэсэн юм бэ?
-Тухайн хүүхэд манай цэцэрлэгт бүртгэлтэй хэрнээ явдаггүй юм байна. Хэзээ хэн бүртгүүлсэнийг нь мэдэхгүй. Хасалт хийчихнэ гээд гэр бүлийнхэнд нь хэлчихсэн байгаа.
-Танай цэцэрлэгт тухайн хүүхдийг хэн хэзээ бүртгүүлсэн талаарх мэдээллийг өгөөч. Гэр бүлийнх нь зүгээс бүртгүүлээгүй. Бидний нууцын зэрэгтэй материалыг тухайн цэцэрлэг хаанаас олж авсан нь тодорхойгүй одоо хасчихна гэсэн гэх юм?
-Манай цэцэрлэг 100 гаруй хүүхэд хүлээн авах чадалтай. Гэхдээ цар тахал гээд хүүхэд бага байгаа. Одоо энэ хүүхдийг хэн хэзээ бүртгүүлсэн талаарх мэдээлэл өгөх боломжгүй. Магадгүй өвөө, эмээ нь өгсөн байж магадгүй. Бас манай цэцэрлэг хоёр, гурван хүүхэд бүртгүүлвэл хямрал зарласан тэр үеэр хэн нэгэн бүртгүүлсэн байхыг үгүйсгэхгүй гэв.