Тарваган тахлын голомт 17 аймгийн 137 суманд бүртгэгджээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг монгол орны хэмжээнд гурван жилийн хугацаатай хориглоод буй. Гэвч иргэд хууль бусаар тарвага агнасаар байгаа бөгөөд үүнтэй холбоотой тарваган тахлын өвчлөл улсын хэмжээнд 17 аймгийн 137 суманд тарваган тахлын голомт бүртгэгджээ.

Тэдгээрээс Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс зэрэг аймагт эрсдэл өндөр байгаа юм байна. Тиймээс нийслэлд тарвага тээвэрлэгдэн орж ирж өвчин тарахаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор журам хэрэгжиж байгаа учир энэ төрлийн түүхий эд, материалыг зөөвөрлөн, тээвэрлэхгүй байхыг холбогдох байгууллагын мэргэжилтнүүд зөвлөж байна. Хэрэв энэ төрлийн зөрчил гаргавал иргэнийг 300 мянга, аж ахуйн нэгжийг гурван сая төгрөгөөр торгох, мөн байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хуультай.