Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар Боксын холбооноос хөөгдсөнийхөө дараа Дэлхийн аваргад орох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн албан бичгийг тус холбооны удирдлагад хүргүүлж, хадаг барин сөгдсөн. Мөн түүнийг Дэлхийн аваргад оролцуул хэмээн иргэд гарын үсэг цуглуулж тус холбоонд хүргүүлээд байсан билээ.
Монголын боксын холбооны Удирдах зөвлөл хуралдаж, Э.Цэндбаатарыг хүсэлтийг харгалзан ДАШТ-ий өмнөх сорилт тоглолтод оролцуулахаар болсон. Ингэхдээ залуу тамирчин О.Тулгатай тулалдаж, ялсан нь ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох болзолтойгоор. Сорил тоглолт аравдугаар сарын 3-нд Эрдэнэтийн Сэлэнгэ баазад явагдах тов гарсан байна. Тус мэдэгдлийн дараа МУГТ Э.Цэндбаатар өөрийн цахим хуудсаар дамжуулан ард түмэндээ талархаж байгаагаа илэрхийлжээ.