“Нээлттэй засаглалын түншлэл” ОУБ-аас ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид хаягласан сануулга ирүүлжээ. Учир нь сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газар олон талын тэгш оролцоог хүндэтгэн хэрэгжүүлэх үүрэг, Нээлттэй засаглалын түншлэл (НЗТ)-ийн гишүүний хувьд зайлшгүй биелүүлэх ёстой шаардлагыг үл тоомсорлон зөрчих болсон тул дээрх байгууллагаас ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид хаягласан сануулгыг ийнхүү өгчээ.
Уг сануулгад “Нээлттэй засаглалын түншлэл нь төрийн үйл ажиллагааг ил тод болгох, иргэдийн бодит оролцоог дэмжих, авлигыг бууруулах, төрийн үйлчилгээнд шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх зорилгоор 2011 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Уг санаачилгад эдүгээ дэлхийн 78 улс орон нэгдээд байна. Ил тод, нээлттэй, эргэх хариуцлагатай сайн засаглалыг төлөвшүүлэхэд төр, олон нийт, иргэний нийгэм, хувийн хэвшлийн эрх тэгш, үр дүнтэй хамтын ажиллагааг чухалчилдаг нь НЗТ-ийн гол онцлог юм.
НЗТ-ийн гишүүн улс орнууд хоёр жил тутам дээрх зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлдэг. Энэхүү үндэсний төлөвлөгөө нь “Хамтын бүтээл” буюу төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн бүрэн оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурласан байхыг НЗТ зүй ёсоор шаарддаг.
Гэвч сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газар олон талын тэгш оролцоог хүндэтгэн хэрэгжүүлэх үүрэг, НЗТ-ийн гишүүний хувьд зайлшгүй биелүүлэх ёстой шаардлагыг үл тоомсорлон зөрчих болсон тул Монгол Улсын Засгийн газарт нээлттэй захидал илгээж, гишүүнчлэлийг идэвхгүй болгох эрсдэл үүссэнийг албан ёсоор сануулж байна” гэжээ.
Монгол Улсын Засгийн газар 2013 онд төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй, хариуцлагатай байдлыг төлөвшүүлэх зорилгоор Нээлттэй засаглалын түншлэлд нэгдэн орсон байна.