УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр сэтгүүлчидэд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж УИХ-ын гишүүн Ц.Тувааныг АН-аас хассан гэсэн бол өнөөдөр дахин Н.Ганибал, Ж.Батсуурь нарыг хасч бүлгийн хуралд оролцуулахгүй болсон гэдгээ мэдэгдэв.
Тэгвэл бид дээрх асуудлаар УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатаас дараах тодруулгыг авлаа.
-АН-аас УИХ-ын гурван гишүүнийг хассан тул бүлгийн хуралдаанд суулгахгүй гэлээ. Энэ нь таныг бүлгийн даргаас солно гэх асуудал яригдсантай холбоотой гэх юм?
-Тийм зүйл байхгүй. АН үндсэн дүрмийнхээ хүрээнд ийм шийдвэр гаргасан. Ер нь манай намын бүлгийг сөрөг хүчнийхээ үүргийг сайн биелүүлж байгаа учраас сөрөг хүчнээс хийж байгаа бас нэг худал мэдээлэл.
-Таныг АН-ын бүлгийн дарга болоход Ерөнхийлөгч асан Х.Баттулга нөлөөлсөн гэх мэдээлэл явдаг. Одоо түүнтэй муудалцсан учраас АН-ын дарга асан С.Эрдэний гар хөл болж ийм зүйл хийгээд байна гэх юм. Та үнэхээр түүний үгээр яваад байна уу?
-Надад С.Эрдэнэ, Х.Баттулга нарын гар хөл болоод байсан зүйл байхгүй.
-АН бүлэг гишүүнийхээ гурвыг нь бүлгээс хасчихлаа. Өнөөдөр АН бүлэг найман гишүүнтэй хуралдах уу. АН-ын гишүүд энэ асуудал хэрхэн хандаж байна вэ?
-АН-ын бүлэг өнөөдөр хуралдахгүй. Дөрвөн гишүүн гадаад, дотоод томилолттой байгаа.
Д.Гэрэл