Ц.Идэрбат, Э.Батшугар нар Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөлөө

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Улсын Их Хурлын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай байлаа. 

Монгол Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн дүнгийн талаар Монгол Улсын сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран танилцуулсан. 


Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийг Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу зохион байгууллаа хэмээн тэрбээр мэдээллээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийг зохион байгуулахад аймаг, нийслэл, сум, дүүргийн 21 сонгуулийн хороо, 148 хэсгийн хороонд нийт 1307 төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч, мэдээллийн технологийн 183 даамал ажилласнаас гадна, цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор халдвар хамгааллын дэглэм, батлагдсан журмыг мөрдүүлэх чиглэлээр онцгой байдлын болон эрүүл мэндийн байгууллагын нийт 559 албан хаагч, сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, нягтлан шалгах үйл ажиллагаатай холбоотойгоор 253 иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, санал авах байрны аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн 720 албан хаагч, нийт 3022 төрийн албан хаагч ажиллажээ.

Нөхөн сонгуулийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлж, сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигч тэдгээрийн ажиглагч, иргэд сонгогчдод хяналт тавих, ажиглалт хийх боломжоор бүрэн хангаж ажилласан бөгөөд санал авах, тоолох, дүн гаргах, хяналтын тооллого хийх үйл явц хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхэд сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчдийн томилсон 1271 ажиглагч хяналтаа тавин ажилласан гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга онцолсон.

Мөн Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нийт 148  хэсгийн хороонд хяналтын камер ажиллуулж, нэгдсэн сүлжээнд холбосон техникийн шийдлийг хэрэгжүүлж сонгуульд оролцож буй нам, эвсэл, тэдгээрийн ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд сонгогчдын зүгээс санал авах, тоолох үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг бүрдүүлсэн байна.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр явагдсан нөхөн сонгуулийн ирц 18 дугаар тойрогт 37.04 хувь, 28 дугаар тойрогт 39.61 хувь буюу тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 105 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2, 78.6-д тус тус заасны дагуу ирц тавь буюу түүнээс дээш хувьд хүрээгүй 18, 28 дугаар тойргийн нийт 131 хэсэгт 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэмэлт санал хураалт явууллаа.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуульд нэрийн жагсаалтад бичигдсэн 50752 сонгогчоос 46.65 хувь нь буюу 23677 сонгогч, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуульд сонгуульд нэрийн жагсаалтад бичигдсэн 114010 сонгогчоос 48.89 хувь нь буюу 55739 сонгогч оролцлоо.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойргийн нийт 89 хэсгийн 62.9 хувь буюу 56 хэсгийн хорооны ирц 50 буюу түүнээс дээш хувьд, 28 дугаар тойргийн нийт 59 хэсгийн 54,2 хувь буюу 32 хэсгийн хорооны ирц 50 буюу түүнээс дээш хувьд, хүрсэн бөгөөд нийт 148 хэсгийн 59.4 хувь буюу 88 хэсгийн ирц 50 буюу түүнээс дээш хувьд хүрсэн байна” гэсэн мэдээллийг өгсөн. 

Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 78 дугаар зүйлийн 78.4, 78.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу нөхөн сонгуулийн дүнг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшиж тойрогт нэр дэвшигчдээс хамгийн олон буюу 17264 санал авсан Цагаанхүүгийн Идэрбатыг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцох тухай 107 дугаар тогтоолыг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшиж тойрогт нэр дэвшигчдээс хамгийн олон буюу 28537 санал авсан Энхбаярын Батшугарыг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцох тухай 108 дугаар тогтоолыг тус тус гаргаж, Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгож, нийтэд мэдээлжээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид бүрэн нийцэж, хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон гэдгийг СЕХ-ны дарга онцлоод Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдож, Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхээ гардан авсан Ц.Идэрбат, Э.Батшугар нарыг Монгол Улсын Үндсэн хуулийн хорин гуравдугаар зүйлд заасны дагуу Тангараг өргүүлж, бүрэн эрхийг нь хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Сонгуулийн ерөнхий хороо үзэж байна.

Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасны дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна гэлээ. 

СЕХ-ны даргын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл, Д.Ганбат нар асуулт асууж, үг хэлсэн.

Дараа нь шинээр сонгогдсон гишүүд Улсын Их Хурлын гишүүний тангаргийг уншиж, Төрийн сүлдэнд мэхийн ёсолж, төрийн далбаанаас адис авч, тангаргийн бичигт гарын үсэг зурлаа.

Ингэснээр Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Энхбаярын Батшугар, Цагаанхүүгийн Идэрбат нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол батлагдлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.