Ковидын хуулийн нэг заалтад “хүчин мөхөстсөн’ Төрийн албаны тухай хууль

Дэлхий нийтийг хамарсан цар тахал МУ-д бүртгэгдэж иргэд, аж ахуй нэгж, төрийн байгууллагууд шинэ орчин нөхцөлд ажиллах болсон. Тодруулбал 2020 оны 4 дүгээр сарын 29-нд батлагдсан  “КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль’-ийг дагаж мөрдөж эхэлсэн.

Тус хууль хэрэгжиж эхэлсэн цагаасаа Төрийн албаны тухай хууль болон Үндсэн хуульд заасан хүний эрхийг зөрчиж байна гэх асуудал яригдсан бөгөөд үнэхээр тус хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь заалт нь Төрийн албаны тухай хуулийг нухчин дарсан. Тодруулбал тус заалтаар өнөөдөр Төрийн албанд сонгон шалгаруулалтгүй хичнээн хүн орсныг ТАЗ хянаж чадахгүйд хүрээд байна.

Уг хуулийн заалтаар эрх бүхий албан тушаалтнууд өөрийн хүмүүсээ хүссэн албан тушаалд нь томилж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Төрийн албаны зөвлөлөөс өгсөн мэдээллээр бол төрийн 100 гаруй байгууллага 1000 гаруй хүнийг уг хуулийн 3.2 дахь заалтаар томилсон байна гэх мэдээллийг өгч байсан. Энэ тоо өнөөдөр нэмэгдсэн гэхээс хасагдаагүй байх. Эрх бүхий албан тушаалтнууд буюу улс төрийн албан тушаалтнууд сонгуулиар өөрийг нь дэмжиж дагасан цүнх баригчдаа томилох ганц боломжийг энэ хуулийн нэг заалт л бий болгож орхисон. Иргэд ч хот хөдөөгүй төрийн албыг чадваргүй боловсон хүчнээр дүүргэж байгааг ярьсаар байгаа.  Мөн хууль бусаар чөлөөлөгдсөн зарим иргэд хууль хяналтын байгууллагаар явж буцаж ажилдаа томилогдаж байна. Төрийн албаны зөвлөлөөс уг нь хянах бүрэн боломжтой ч тус хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа үед Төрийн албанд сонгон шалгаруулалтгүй томилох явдал байсаар байна гэсэн үг.

Төрийн албанд ажиллах хүмүүсийг  “КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль’-аар томилж, чөлөөлдөг болсон юм чинь Төрийн албаны тухай хууль болон төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулдаг гэх сүржин нэртэй “амаа үдүүлж, хөлөө тушуулж, нүдээ боолгуулсан’ газар байх шаардлага байна уу.

Уг хуулийн хэрэгжилтийн хугацаа өнгөрсөн долдугаар сард дууссан боловч дахин сунгагдсан. Тус  хуульд нэмэлт өөрчлөлт оруулж сунгах эсэхийг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэж гишүүдийн дунд сунгана, сунгахгүй гэх маргаан дагуулж санал хураахад хоёр гишүүн татгалзаж бусад гишүүд дэмжсэн.

УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед  ч зарим гишүүд Ковидын тухай хууль нь хүний эрх зөрчихөөс гадна, тус хуулиар төрийн албанд сонгон шалгаруулалтгүй ажилд орж буйг эсэргүүцсэн. Мөн ковидын хуулиар далимдуулж ЗГ дур мэдэн журам гаргаж нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын мөнгийг эзнээс нь асуухгүйгээр сэгсрэх гэж байна хэмээн эсэргүүцсэн боловч олонхийн өмнө хүчин мөхөстсөн.

Д.Гэрэл