МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ би хамгийн хүнд хэцүү үед Ерөнхий сайд хийж байна. Хэрэв цаг хугацааг сонгож болдог бол энэ цаг үеийг сонгохгүй байсан хэмээн гоншигнож ах нараасаа тусламж хүсч цуглуулсан. Тодруулбал тэрээр үе үеийн Ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзаж “Ерөнхий сайд нарын бодлогын зөвлөл’ байгуулж тэднээс гарц гаргалгаа хэлж өгөхийг хүссэн билээ.
Л.Оюун-Эрдэний ЗГ-ыг унагах хөдөлгөөн нам дотор нь өрнөж буй гэх мэдээлэл ч бий. ЗГ ажлаа муу хийж байна хэмээн иргэд ч жагсаал зохион байгуулж хоригдсон тохиолдол байгаа бөгөөд түүний нэг Д.Монголхүү өчигдөр суллагдсан. Түүнийг дахин хориг эсэхийг удахгүй дахин шийднэ.
Л.Оюун-Эрдэний хувьд ЗГ-аа авч үлдэх хүсэлтэй байгаа бөгөөд 2022 оны төсөвт гишүүн бүрт 4 тэрбумыг тойрогтоо зарцуулахаар тусгаж оруулж ирсэн нь түүнийг гишүүдийг хахуулдаж байна хэмээн сөрөг хүчнийхэн шүүмжилж тус мөнгийг авахгүй гэдгээ мэдэгдсэн.
Хэрэв Л.Оюун-Эрдэнэ ЗГ-аа авч үлдье гэвэл зарим нэг сайдаа зайлшгүй сугалах шаардлага тулгарсан. Тиймээс тэрээр хэрхэн ЗГ-ын тэргүүнээр үлдэж, МУ-ын өнөөгийн цаг үед тохирсон бодлого шийдвэр гаргах вэ хэмээн толгой гашилгаж буй.
Тэгвэл түүний намын журмын ах С.Баяр өөрийн твиттертээ “Болохоо болив. Буцаж орооч. Залуустаа заагаач гэж намайг үе үе баадуулна. Цагийн юм цагтаа. Үе бүрийн үүрэх ачаа тусдаа. Гёте хэлсэн үг байдаг. Дэлхий бүхэлдээ урагшилж байгаа нь үнэн. Гэхдээ залуу үе бүр бүхнийг шинээр эхлүүлэх шардлагатай тулгардаг нь бас үнэн’ хэмээн жиргэсэн нь өөрөө асуудлаа шийдэх ёстой гэсэн санааг шууд хэлжээ.
С.Баярын хувьд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шүүхээс ял шийтгүүлэн өнгөрсөн долдугаар сард магадлангаар суллагдсан билээ. Түүнийг ял авахад Л. Оюун-Эрдэнэ ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын дарга байсан юм.
Тэгвэл үе үеийн Ерөнхий сайд нарын бодлогын зөвлөл Л.Оюун-Эрдэнийг үүрэх ачаагаа өөрөө үүр гээд орхих нь уу, эсвэл улс эх орноо бодоод түүнд тулгамдаад буй асуудлыг шийдэх гарцыг нь олж өгч туслах нь уу гэдгийг цаг хугацаа харуулах үлдлээ.