2020 оны УИХ-ын сонгуулиар Говь-Алтай аймгаас сонгогдсон Ш.Раднаасэд гишүүн өөрийн нүүр хуудастаа “Magic Box уулсын дунд орших Тонхил суманд очсон байна. Тонхил суманд улсын төсвөөр хийгдэх бүтээн байгуулалтууд…” гэж пост оруулаад устгасан нь олон хүмүүст түүнийг уг төслийг хэрэгжүүлсэн гэх эргэлзээ төрүүлсэн. Тэгвэл дээрх төслийг санаачлагч Ч.Ганжавхлан тус төсөлд хичнээн байгууллага болон хувь хүмүүс дэмжлэг үзүүлсэн талаар өөрийн цахим хуудастаа пост оруулж, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн оролцоо байхгүйг илчлэв.
Сануулахад: Magic Box төслийг Лантуун дохио төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан санаачлан зохион байгуулж тус номын санг авах саналыг сумдаас авсан. Нийт 75 сум тус төслийн номын санг авах хүсэлтээ ирүүлснээс Говь-Алтай аймгийн Тонхил сум шалгарч хүлээн авсан билээ. Уг төсөл нь хэрэглэхгүй контейнерыг номын сан болгон тохижуулж, хүүхэд залуусыг хичээл хийх таатай орчноор хангах зорилготой юм. Төслийн санаачлагчид контейнерыг Сүхбаатарын талбайд зургаан хоногийн турш байршуулж, энэ хугацаанд 10 мянга гаруй ном хандиваар цуглуулсан.