УИХ-ын гишүүн, Эрдэнэс Монгол ХХК-ийн захирал Д.Хаянхярвааг цагдан хориод 26 хонож байна. Түүнийг дөрөв хоногийн дараа үргэлжлүүлэн хорих эсвэл суллах эсэх нь шийдэгдэнэ. АТГ-ынхан өнгөрсөн сарын 18-нд хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албан өрөөнд нь нэгжлэг хийж, 6-7 сая төгрөг, 30 000 орчим ам.доллар хурааж авч улмаар 30 хоног цагдан хорьсон. Ингэхдээ түүнийг албан тушаалаа урвуулж, бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт яллагдагчаар татсан.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авилга албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүс надруу залгуулах, хүнээр яриулах хэрэггүй шүү, ийм хэрэгт холбогдсон хүмүүсийг уучилж, өршөөхгүй хариуцлагаа хүлээгээд яв хэмээн мэдэгдсэн.
Ерөнхий сайдруу хэн залгаж уучилж өршөөгөөч хэмээн гуйгаад байна гэх таамаг сошиалд хөвөрсөн. Түүний мэдэгдлийн өмнөхөн авилгын хэргээр 30 хоногийн хоригдсон хүн “Эрдэнэс монгол’ ХХК-ийн захирал Д.Хаянхярваа байв. Тэрээр нэг цагт түүний удирдагч байсан хүн. Ерөнхий сайдын дээрх мэдэгдлийн дараахан авилгын хэргээр 30 хоног саатуулагдаж буй Д.Хаянхярваа дарга хэргээ хүлээж, хялбаршуулж шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг өмгөөлөгчөөрөө дамжуулж гаргалаа хэмээн хэвлэлээр бичигдэж эхлэсэн нь Ерөнхий сайдруу залгасан хүн нь түүнийг юм байна гэдгийг батлаж орхилоо. Нэгэнт төрийн өндөр албан тушаалтнуудын ивээлд багтаж чадахгүй болсон учир Д.Хаянхярваа захирлын хувьд шүүхээр явж хэргээ хялбаршуулан шийдвэрлүүлэхээс өөр арга үлдээгүй. Үүнийг мань хүн овжиноор ашиглаж аль хэдийн хэргээ хялбаршуулан шийдвэрлэж өгөөч хэмээн хяналтын прокурорт өмгөөлөгчөөрөө дамжуулан хүсэлтээ гаргаж амжив. Түүний хувьд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж авсан хахуулийн хэргээ шийдвэрлүүлэх хамгийн боломжтой хувилбар нь хэргээ хялбаршуулан шийдвэрлүүлэх болж таарав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дэх хэсэгт “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно” гэснийг үндэслэн Д.Хаянхярваа өмгөөлөгчийнхөө хамт хүсэлт бичсэн агаад шүүх хэргийг нь тун удахгүй хэлэлцэн шийдвэрлэж хөнгөн ял оноох хууль үйлчилж буй билээ.
Түүний хувьд УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож энэ хугацаандаа бүлгийн даргаар ч ажиллаж байсан. Мөн Дархан-Уул аймгийн Засаг дарга, Сангийн сайд гээд л төрд ажилласан жилийнхээ ихэнх хугацаанд даргын албан тушаал хашиж байсан байна. Дээрх үйлдлээс нь үүдэж түүнийг төрийн өндөр албан тушаал хаших хугацаандаа хахууль авч гаршсан байна хэмээн хардах хүн ч олон байна. Бүр тэтгэврийн нас нь болчихоод байхад намынхаа буянаар дээрх албан тушаалд томилогдчихоод хахууль авч шившиг болсонд нь намынхан нөхөд нь ч дургүйцлээ илэрхийлж байна. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг болохоор арга ч үгүй биз.
Тэгвэл насаараа шахуу төрийн өндөр албан тушаал хашсан УИХ-ын гишүүн асан, Эрдэнэс монгол ХХК-ий гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа Говьсүмбэр аймгийн нутаг дахь, “Эрдэнэс Монгол” компани, Хонконгийн хөрөнгө оруулалттай “Эйкүсора” гэх компанитай 50:50 хувийг хамтран эзэмшдэг Шивээ-Овоогийн нүүрсний ордын олборлолтыг эхлүүлэх зөвшөөрөл өгөхгүй хясан боогдуулж Хятадын талын хөрөнгө оруулагчаас нь их хэмжээний валют хахуульд авсан бөгөөд түүнд мөнгө өгснөө илчилж өмнөд хөршийн иргэн АТГ-т гомдол гаргасан билээ. Д.Хаянхярваатай хамт туслах н.Уртнасан гэх хүнийг ч шалгасан байгаа гэх. Түүнчлэн Д.Хаянхярвааг Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэсэн 200МВт-ын чадалтай цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэхийн тулд Н.Отгонбаатар гэх хүнд давуу эрх олгож, түүнээс гурван удаагийн үйлдлээр нэг сая ам.доллар хахуульд авсан хэрэгт ч буруутгаад буй.
Нэг бус удаагийн хахуулийн хэргээр саатуулагдаад буй Д.Хаянхярваад төр төмөр нүүрээ харуулах уу, хэргийг хялбаршуулан шийдвэрлэх эсэхийг цаг хугацаа харуулах буй за.