Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал чиглэлийн 32.2 км хурдны авто замын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Зам барилгын ажил гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй /EPC/ гэрээг БНХАУ-ын “Чайна Тэйсэжү Сивил Инженеринг Групп” ХХК 2015 оны есдүгээр сарын 18-нд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамтай байгуулсан байна. Ингээд 2016 оны зургаадугаар сарын 6-ны өдөр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байжээ. Туслан гүйцэтгэгчээр “Бадрах Ойл” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Ард капитал” ХХК ажилласан байна. Хурдны замын ажлын нийт өртөг нь 140.3 сая ам.доллар болжээ.
32.2 км үргэлжлэх хурдны авто зам нь асфальтбетон хучилттай, зорчих хэсгийн өргөн 31 метр, 2 урсгал 6 эгнээтэй. Нийт зургаан гүүр, 20 нүхэн гарц, 28 ширхэг дугуй хоолой, автобусны зогсоолгүй. Эргэх, тойрох орц, гарцгүй. Аваарын 10 гарц, үер усны 49 хоолойтой. Гялбаанаас хамгаалсан хаалттай. Хурд хэмжигч болон камерууд суурилуулсан олон улсын стандартад нийцсэн зам юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс