Б.Ариунзаяа: 80.9 мянган иргэн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанд ХНХ-ын сайд А.Ариунзаяа хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдлыг танилцууллаа.

ҮСХ-ны 2021 оны хоёрдугаар улирлын мэдээгээр Монгол Улсад 15 ба түүнээс дээш хөдөлмөрийн насны 2.1 сая хүн байна. Тэдний 1.2 сая нь ажиллах хүч, 917 мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна. Ажилгүйдлийн түвшин 2020 оны дөрөвдүгээр улиралд 7.6 хувь байсан бол 2021 оны I улиралд 8.8 хувь, II улиралд 8.4 хувь болжээ.

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх хөтөлбөрийн хүрээнд 2021 оны 11 дүгээр сарын байдлаар 1.9 их наяд төгрөгийн зээлийг 25 гаруй мянган иргэн, ААН олгож, 104.6 мянган ажлын байрыг хадгалахад дэмжлэг үзүүллээ.

2020-2021 онд 38.9 мянган ААНБ, 579.9 мянган даатгуулагчийг 873.8 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж, ажилгүйдлийн даатгалын сангаас 80.9 мянган даатгуулагчид 44.1 тэрбум төгрөгийн дэмжлэг олгосон байна. НДС-аас нийтдээ 917.9 тэрбум төгрөгийн чөлөөлөлт, дэмжлэг үзүүлсэнийг танилцуулж байна.

Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ:

 

-Халамжаас хөдөлмөрт зорилтыг хэрэгжүүлэх хууль эрхзүйн орчин бүрдүүлэх хүрээнд нийгмийн халамжийн тухай болон хөдөлмөрийн эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, батлуулна.

 

-Хөдөлмөрийн зах зээлийн ойрын, дунд, урт хугацааны эрэлт нийлүүлэлтийг тодорхойлж, салбар дундын хамтын ажиллагаагаар мэргэжилтэй ажилтныг хөгжүүлж бэлтгэнэ.

 

-Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг цахимжуулж, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлнэ.

 

-Ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад орон нутгийн оролцоог нэмэгдүүлж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ.